Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилттэй зэрэгцэн Монгол Улсын Засгийн газар стратегийн ордуудад хувь эзэмших бодлогоо хэрэгжүүлж эхлээд буй. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ямар “мессеж” өгч байна вэ, тэдний итгэлийг нэмэгдүүлж байна уу, эсвэл болгоомжлол төрүүлж байна уу гэх мэт асуулт олон нийтийн анхаарлын төвд байсаар байгаа.
Энэхүү үйл явц нь нэг талдаа “Төр хувийн хэвшлийн хөрөнгийг хүчээр булаан авч, хөрөнгө оруулагчдыг үргээх гээд байна” гэсэн болгоомжлол төрүүлж байгаа бол нөгөө талд нь “Төрийн оролцоо хөрөнгө оруулагчдыг үргээдэггүй, харин ч урт хугацааны тогтвортой байдлыг хангадаг” гэсэн итгэл үнэмшил байгаа юм.
Норвегийн төр баялгаа бүрэн удирддаг ч хөрөнгө оруулагчид зугтсангүй
Тэгвэл бусад улсын туршлагыг сонирхъё. Монголчуудын сайн мэддэг жишээ бол Норвегийн баялгийн сан. Тус улсын төр бүх баялгаа удирддаг ч гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татдаг орны нэг хэвээр байгаа. 1990 онд Норвегид хийгдсэн гадны хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол тухайн жил Үндэсний баялгийн сан /Government Pension Fund Global/ байгуулагдсанаар ГХО жилээс жилд тогтвортой өссөөр 2015 онд 21 тэрбум 630 сая ам.доллар болсон байдаг. Үүнээс хойш өсөж, буурч хэлбэлзэж ирсэн байна.
Норвегийн үндэсний баялгийн сан бол хамгийн амжилттай яваа баялгийн сан бөгөөд Дэлхийн хөрөнгө оруулагчид тус улсыг хөрөнгө оруулахад таатай орчин бүрдүүлсэн, хамгийн итгэлтэй орны нэг гэж үнэлдэг.
Норвеги улсад хийгдсэн гадны хөрөнгө оруулалт /1990-2023/:
Норвеги улс Үндэсний баялгийн сангаасаа иргэддээ шууд мөнгө тараадаггүй. Харин татварын орчинг тогтвортой байлгах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг бүх шатанд үнэ төлбөргүй үзүүлдэг. Мөн хүүхдийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж, амралтын болон амаржсан эхийн тэтгэмж зэрэг халамжид зарцуулдаг бөгөөд эдгээр нь нэлээн өндөр дүнтэй байдаг аж. Эдгээрийг хийхийн тулд жил бүр Үндэсний баялгийн сангийн ашгийн гурван хувийг төсөвт шилжүүлдэг аж. Төсвийн томоохон урсгал зардлуудыг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлдэг учраас ААН-үүдэд ирэх татвар тийм ч өндөр биш бөгөөд тогтвортой байдаг байна. Энэ мэтчилэн Норвегийн төр баялгийн өгөөжийг иргэддээ бэлэн мөнгө байдлаар тараахаас илүүтэйгээр нийгмийн суурь үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх байдлаар баялгийн өгөөжийг бүх нийтэд хүртээж байна.
Мөн Чили, Перу зэрэг улсын уул уурхайн салбар нь төрийн хатуу зохицуулалттай ч амжилттай хөгжсөн. Канад, Австрали зэрэг улс уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох шалгуур, тавьдаг стандарт, татварын бодлого нь хатуу хэдий ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их татдаг.
“Resource Nationalism” уу, эсвэл “Resource Partnership” уу?
Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийн нөөц ихтэй улс орнуудад “resource nationalism” буюу нөөцийн үндсэрхэг үзэл сэргэх хандлагатай байгааг ажиглагчид хэлж байна. Зарим хөгжиж буй улсын тухайд стратегийн нөөцөө ард түмэндээ тэгш хүртээх нэрийн дор хөрөнгө оруулагчдыг шахан гаргах тохиолдол байгаа.
Гэвч Монгол Улсын хувьд нөхцөл байдал өөр гэж хэлж болно. Төр стратегийн ордуудад “resource partnership” буюу “хамтын менежмент”-ийн загварыг нутагшуулах оролдлого хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийг шахаж гаргах биш, харин тэдэнтэй хамтарч ажиллах шинэ тогтолцоо бүрдүүлэх алхам хийж байгаа хэрэг.
Засгийн газар стратегийн ордуудад хувь эзэмшихдээ тэдгээрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шилэн болгож, олон нийт хяналт тавих нөхцөлийг сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэж байж иргэд баялагтаа эзэн байна, үр өгөөжийг нь хүртэх болмжтой юм байна гэсэн итгэл сэргэж эхэлнэ.