УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 76 гишүүний ирцтэйгээр эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар,
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
3.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай; 4.Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
Хэлэлцэх эхний асуудал болох Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр үргэлжлүүлэн хийлээ. Хуулийн төслийг байнгын хорооны хэлэлцсэний дагуу дэмжих саналтайгаар санал хураалт явуулахад 64 гишүүн буюу 71.1 хувь нь дэмжих санал өгч, 26 гишүүн буюу 28.9 хувь нь татгалзлаа. Улмаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-н гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн: УИХ-ын гишүүд ажлын тайлангаа иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Цэцийн дүгнэлтийн улмаас бүгдийг нь хориглож болохгүй. Иймээс УИХ, ЗГ-ын тухай хуулийн дагуу уулзалт хурлыг нээлттэй болгоё. Гагцхүү хэвлэмэл материал тараахгүй. Энэ нь давуу байдал үүсгэнэ, Төсвийн мөнгөөр гоё зурагтай тайлан тараах нь өөрөө тэгш биш байна. Шударга бус байна гэж үзэж байна хэмээсэн юм.