Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байна.
УИХ-ын намрын чуулганаар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүдийг томилж, УИХ-аас тодорхой үүрэг чиглэл өгсөн бөгөөд иргэдийн хэрэглээний зээлийн хүүг бууруулах чиглэлээр шийдвэр гарсантай холбогдуулан СЗХ-ны санхүүгийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж байна.
СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын танилцуулгад тус байгууллагын хэрэгжүүлж буй захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосон бөгөөд энэ нь журам нэрийн дор ААН-үүд, иргэдэд хүндрэл учруулдаг байдлыг багасгаж буй хэлбэр гэдгийг тодотголоо.
Түүнчлэн, СЗХ нь 33 тусгай зөвшөөрөл, 26 энгийн зөвшөөрөл олгодог бөгөөд Зохицуулалтын салбарын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд уг зөвшөөрлийн тоог багасгаж, тусгай зөвшөөрлийг 30, энгийн зөвшөөрлийг 15 болгож бууруулах талаар ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.
Манай улсад 573 ББСБ байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2 сая 300 мянган зээлдэгчтэй. Тэдгээр зээлдэгчдийн 75 хувийг цахим зээлдэгч эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас 622 тэрбум төгрөгийн төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг СЗХ-ны дарга Т.Жамбаажамц танилцууллаа.
Тиймээс энэ оны 3-р сарын 20-нд СЗХ-оос ББСБ нь арилжааны банкаас зээл авдгийг хориглож, гадаадын улс орнуудаас эх үүсвэр татахыг нээсэн байна. Мөн ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс зээлийн хүүг бууруулах, мөнгө хүүлэлттэй тэмцэх чиглэлээр СЗХ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар тодруулж асуулаа. СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр олон тулгуурт санхүүгийн зах зээл бэхжинэ гэдгийг тодотголоо. Ингэснээр дан ганц хөрөнгийн зах зээлээс компаниуд хөрөнгө оруулалт татаж, бизнесээ хөгжүүлэх, тэлэх боломжтойг онцолж байна.
Түүнчлэн мөнгөн зээл олгож байгаа иргэн, хуулийн этгээдийг албан ёсоор бүртгэдэг болж, сарын хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувь болгожээ.