Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баярын хурлыг нээж салбарын нийт төлөөлөлд хандан үг хэллээ.
Баярын хуралд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон салбарын үе үеийн төлөөллүүд оролцлоо.
Монгол орны мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогыг хэрэгжүүлж, удирдан чиглүүлэх үүрэгтэйгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллага 1924 онд Аж ахуйн яам нэртэйгээр анх байгуулагдаж байсан юм.
Монголчууд атар газар эзэмшиж, нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж, төмс, мах, сүү, хүнсний ногоо, улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, гадаад хамтын ажиллагаатай орнуудын дэмжлэгтэйгээр 1990 он гэхэд 400 гаруй үйлдвэр заводыг ашиглалтад оруулсан, шинжлэх ухааны ололт, дэвшил манай салбарын түүх юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж байна.