Э.Ирэхбаяр
Редактор
Гадаад мэдээ
2025.04.21 23:15
1380
Солонгост үлдэхийг хүсвэл надад мөнгө төл хэмээн сүрдүүлсэн цагдаа баригджээ

Хууль бусаар оршин суугчдад “Хэрвээ Солонгост үргэлжлүүлэн амьдрахыг хүсэж байвал мөнгө өг” хэмээн сүрдүүлсэн нэгэн цагдаа баривчлагджээ. Тэрбээр буу гарган сүрдүүлж, мөнгө өгөхгүй бол баривчилна гэж заналхийлсэн нь ил болсон бөгөөд уг этгээд нь Сөүл хотын Цагдаагийн газрын харьяа жинхэнэ албан хаагч байжээ.

Энэ явдал энэ оны нэг дүгээр сард Сөүл хотын Ёндүнпогу, Торимдун орчимд болсон байна. Хууль бусаар амьдардаг БНХАУ-ын иргэний байранд цагдаа нар нэвтрэн ороход цагдаагийн мэдээлэгч, орчуулагчийн үүрэгтэй 60 орчим настай Чон гэх эрэгтэй хамт явжээ.

Өмнө нь шалгалт ирээд Гүрү захын орчимд хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэдийг олноор нь баривчилсан тул Сөүл хотын цагдаагийн газрын тусгай эргүүлийн багийн ахлах цагдаа И овогт шалгалтыг шалтаг болгон мөнгө салгах гэж оролдсон байна.

Хувьцаа болон криптовалютын хөрөнгө оруулалтад амжилтгүй оролцож, их хэмжээний өрөнд орсон тэрээр хууль бус оршин суугчдыг баривчлах дүр үзүүлээд мөнгө авч болно гэсэн Чон-ы үгэнд автаж, гэмт хэрэг үйлдсэн байна. Анх хоёр сая вон шаардсан ч мөнгө бэлэн биш байсан тул 1.5 сая, дараа нь 1 сая болгож бууруулсан байна. Гэвч энэ мөнгийг ч өгөх боломжгүй гэж хэлэхэд нь “мөнгө бэлдэхээр бол холбоо барь” гэж хэлээд, гадаад иргэний паспортыг нь хураан авсан байна. Энэхүү мэдээллийг хүлээн авсан цагдаа нар тухайн хүний гэрийн ойролцоо отож байгаад Чон-ыг баривчилсан бөгөөд түүний мэдүүлгээр И ахлах цагдааг ч мөн яаралтай баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад И “Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон учир буруу сонголт хийсэн” хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Прокуророос И цагдааг сүрдүүлэг болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шүүхэд шилжүүлжээ. Одоогоор И нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд энэ сард товлогдсон шүүх хурал нь хүлээгдэж байгаа аж.