БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу KOIKA-аас Солонгос улсын Хуульзүйн яаманд бүртгэлтэй тоо баримтыг үндэслэн “Солонгос дахь монголчууд” сэдэвт судалгаа хийснээ танилцууллаа.
52 сая хүн амтай тус улсад өнөөдрийн байдлаар 2.65 сая орчим гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа нь нийт хүн амын таван хувийг эзэлж байгаа юм. Эдгээрээс 397 мянга орчим нь хууль бусаар оршин суудаг аж.
Тэгвэл Монгол Улсын 56 мянга орчим иргэн Солонгос улсад оршин сууж байгаа бөгөөд үүнээс 21 мянга нь богино хугацааны визтэй бол 17 мянга нь визийн зөрчилтэй буюу хууль бусаар оршин сууж байна хэмээн бүртгэгджээ. Харин 14.2 мянган иргэн тус улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд энэ нь Вьетнам, БНХАУ-ын суралцагчдын дараа орж байгаа үзүүлэлт юм.
2016 оноос хойш Солонгос улсад урт хугацаагаар оршин сууж байгаа монгол иргэдийн тоо 61.4 хувиар өссөн байна.
45 мянган ажлын байртай айл нүүлгэлтийн салбарын 32 хувийг монголчууд эзэлж байна гэсэн мэдээлэл байна. Хүнд хүчир ч гэлээ үнэлгээ өндөртэй энэ ажлыг оюутан залуус хичээлийнхээ хажуугаар голдуу хийдэг аж.
Бас нэгэн сонирхолтой статистик нь Солонгос улсад оршин суугаа монголчуудын жилийн нийт орлого нэг их наяд вон давсан байна. Энэ орлогын тодорхой хувь нь монгол руу орж ирж, байр болон хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт зарцуулагдаж буй.
Солонгост амьдарч буй монголчуудыг газар зүйн байршлаар нь авч үзвэл 60 хувь нь нийслэл Сөүл хотод амьдарч байгаа нь бусад орны иргэдийн энэ үзүүлэлтээс 12 хувиар өндөр байгаа юм.
Боловсролын түвшингээр нь авч үзвэл Солонгост ажиллаж буй монгол иргэдийн 62.5 хувь нь дээд боловсролтой бөгөөд үүний 35.2 хувь нь Солонгосын их, дээд сургуулийг дүүргэсэн байгаа нь бусад орноос хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Бусад орны иргэдийн 37.2 хувь нь дээд боловсролтой хэмээн бүртгэгджээ.
Гэсэн хэдий ч авч байгаа цалин нь бусад орны иргэдтэй харьцуулахад харьцангуй бага буюу 25 хувь нь хоёр сая воноос бага, 16 хувь нь 3 сая воноос дээш орлоготой байна. Тиймдээ ч солонгос дахь монголчуудын 52 хувь нь хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжгүй байдгаа илэрхийлжээ.
Монгол Улсын иргэд бусад орны цагаач иргэдтэй харьцуулахад боловсролын түвшин өндөр хэрнээ харьцангуй бага цалин хөлстэй ажиллаж байгаа нь анхаарал татаж байна.
Олон улсын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Цалин хөлсний ижил байдлын тухай” 1951 оны 100 дугаар конвенцид тодорхой ижил үнэлэмжтэй ажилд хүйсийн ялгаагүйгээр ижил цалин хөлс олгох зарчмыг тунхагласан байдаг. Тиймээс энэ асуудлыг Монгол Улсын ГХЯ болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд энэ асуудлыг анхааралдаа авах ёстой.
Хөгжиж буй орнууд цагаачлалын бодлогоо хөдөлмөрийн зах зээл дээр дутагдаж байгаа, эрэлтэй байгаа мэргэжилтнүүдийг бусад орноос импортлох зэрэг шаардлагатай уялдуулан гаргадаг. БНСУ-ын тухайд, жилээс жилд төрөлтийн түвшин буурч, үүнийгээ дагаад хүн амын насны бүтцэд хүүхэд, залуучуудын эзлэх хувь буурч байгаа. Тиймээс хаалгаа хаах сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсээр байна. 2024 оны байдлаар тус улсын хүн амын төрөлтийн түвшин 0.75 хувь болсон нь хүн амын хэвийн өсөлтийг хангахад шаардлагатай хувь хэмжээнээс даруй хоёр дахин бага үзүүлэлт юм. Үүнийг нотлох бас нэг үзүүлэлт бол 65-аас дээш насны иргэд нийт хүн амынх нь 20 хувийг эзлэх болсон байна.
Тиймээс хүн амын бүтцийг зохист харьцаанд хүргэх буюу төрөлт, нөхөн үржихүйг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа ажлын байранд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулахыг дэмжих бодлого барьж буй. Учир нь өнөөдөр шинээр төрж байгаа хүүхэд хөдөлмөрийн насанд хүртэл багадаа 20 жил шаардагдах тул богино хугацаандаа дутагдалтай хүний нөөцөө цагаач иргэдээр нөхөхөөс өөр аргагүй юм.