Зам тээврийн осол аваарын тухай асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
-Осол аваараас үүдэж амь насаа алдах тоо буурахгүй байна. Үүнд эрүүл мэндийн салбар ямар оролцоотой байна вэ?
-Осол гэмтлийн шалтгаант нас баралтын гуравдугаарт зам тээвэр болж байгаа юм. Иймээс зам тээврийн осол гаргахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах вэ, гарсан тохиолдолд анхны болон яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхдээ бодитой арга хэмжээ авмаар байгаа юм.
Жишээ нь, зам тээврийн ослоос болж нас барж байгаа 540 орчим хүний 70 орчим хувь нь хөдөө орон нутагт байна.
Мөн дийлэнх хувь нь тодорхой цэгүүдэд болж байгааг бид хар цэг гэж нэрлэдэг. Хар цэгт бодлогын ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Осол гэмтлийн шалтгааныг аваад үзвэл дийлэнх нь хувь хүн, авто тээврийн хэрэгслээс болсон байдаг ч тухайн зам стандартын шаардлага хангахгүй байх нөхцөл ч мөн нөлөөлж байна. Иймээс осол гараад байгаа энэ цэгүүдээ цэгцлэх шаардлагатай. 2024 онд гэхэд 69 хүүхэд зам тээврийн ослоос болж нас барсан. Үүний дийлэнх нь сургуулийн орчимд болсон осол аваараас үүдэлтэй байна. Иймээс ЗГ-аас сургуулийн орчмын эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль санаачлаад өргөн барихаар бэлдэж байна. Хариуцлага тооцдог системээ боловсронгуй болгохгүй бол энэ байдал үргэлжилсээр л байна.
Хувь хүнээс шалтгаалсан буюу согтууруулах ундаа хэрэглэчихээд зам тээврийн осолд орвол тэр хүний эмчилгээг ЭМДС-аас үнэ төлбөргүй эмчилж байна. Авто тээврийн бүрэн бус байдлаас шалтгаалж осол аваар гарсан үед мөн л эмчилгээг ЭМДС-аас үнэ төлбөргүй хийж байна. Гэтэл авто тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хэн хангах ёстой вэ. Энд хариуцлага тооцож байгаа зүйл алга.
Зам тээврийн стандартаас болж үүсч байгаа осол аваарт хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас энэ нөхцөл үргэлжилсээр байна. Жилдээ 100 тохиолдлоор нас баралт нэмэгдэж байна. Үүнийг бууруулахын төлөө бодлогын түвшинд ажиллана.
-Яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тусламж үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай хүргэх ёстой хүн бол нэгдүгээрт жолооч. Жолооны курсуудэд анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг орох ёстой гэж харж байгаа. яаралтай тусламжийн. Тогтолцоог үндэсний хэмжээнд сайжруулахгүй бол машин очиход маш их хугацаа алддагаас амь нас эрсдэх тохиолдол байна.