Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.04.22 17:25
1090
С.МИШИГ: Төрийн ордон дотор байгалийн баялгийг хэн их идэх вэ, хэн биржээр зарах вэ гэдэг уралдаан явагдаж байгаа

Төрийн ордны хойд талд 126 ширхэг толгой газарт тавьсан нь анхаарал татна. Иргэн С.Мишиг мөнгөний бодлого болон төгрөгийн ханшийн уналтын талаар Монгол төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, төрийн гурван өндөрлөгт шаардлага тавьж байгаа аж. Түүнтэй цөөхөн хором ярилцлаа.

Та хэнд шаардлага тавьж байгаа юм бэ? Энэ олон толгой ямар учиртай юм бэ?

Монгол төгрөг үнэгүйдэж, цаас болж байна, ам.долларын ханш огцом  өсөж байна. Үүнд гадаад, дотоодын хүчин зүйлс, дэлхийн худалдааны дайнаас үүдэлтэй нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол төрийн бодлого гэдэг ганц өнөөдөр бий болчихсон зүйл биш. Б.Лхагвасүрэн гэдэг хүн Монголбанкны Ерөнхийлөгч болсноос хойш тогтмол өсөж байгаа. Түүнчлэн 2025 оны төсөв хоёр их наядаар тасраад байгааг эдийн засагчид хэлж байна. Тиймээс төсвийн тодотгол хийхгүй байгаа Б.Жавхланг огцруулахыг шаардаж байгаа юм.

Өнөө өглөө долоон цагт ирээд энд зогсож байна. Хэд хэдэн УИХ-ын гишүүнтэй таарч уулзсан, цааш уламжилж хэлж өгнө л гэсэн. Би энэ асуудлыг ганц өнөөдөр ярьж байгаа юм биш. Өнгөрөгч 10 дугаар сард Төсвийн хуулийг батлахаас өмнө ч хэлж байсан. Ерөнхий сайдад хандан нийт долоон удаа хүсэлт тавьсан, хариу өгөөгүй. Одоо найм дахиа өгчихөөд хүлээж байна.

Аливаа улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал болон эдийн засгийн хараат бус байдал бол үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Бусад асуудал гар хугаравч ханцуйн дотроо гэгчээр одоо яая гэх вэ. Харин үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх энэ хоёр асуудлыг хайхрахгүй орхиж ер болохгүй гэдгийг УИХ-ын 126 гишүүнд анхааруулах гэж 126 толгой манекан авчирж тавиад байгаа юм.

Валютын ханш чангарч, эсрэгээрээ төгрөгийн худалдан авах чадвар унасаар байна. Магадгүй олон хүн энэ асуудлыг өөртөө тийм ч хамааралтай гэж бодохгүй байж болох юм...

Яг тийм. Би ямар доллараар наймаа хийх биш, долларын ханш надад ямар хамаатай юм бэ гэж бодож байгаа улс зөндөө байгаа байх. Гэтэл бид чинь импортлогч, хэрэглэгч улс. Хэрэглээнийхээ 70 хувийг гаднаас авч байна. Аль улсаас авч байна, тухайн улсынхаа валютаар тооцоо хийдэг. Тэгэхээр валюттай харьцах төгрөгийн ханшийн уналт хүн бүрд хамаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Өдөр тутам хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн үнэд шууд нөлөөлж байгаа шүү дээ.

Та өөрөө ямар мэргэжилтэй, аль салбарт ажилладаг, макро эдийн засгийн талаар хэр ойлголтой хүн бэ? Төгрөгийн ханшийг чангаруулахын тулд яг ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байх талаар танд тодорхой санал байна уу?

Би санхүүгийн мэргэжилгүй ч худалдааны салбарт 40 жил ажиллаж байна. Ам.доллар өнөөдрийн байдлаар 3600 төгрөгөөс дээш, доош 10 төгрөгийн хэлбэлзэлтэй байна. Юань бас долоо хоногийн дотор 10-15 төгрөг дотор хэлбэлзэж байна. Энэ хэлбэлзлийг барих интервенц хийх боломож Монголбанкинд байгаа. Гэхдээ нэг өдрийн дотор 3000, 2000 төгрөг болгож бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд ойрын ирээдүйд үйлдвэрлэгч улс болох ёстой. Ганцхан нүүрс ч гэдэг юм уу байгалийн баялагтаа дулдуйдан, төсөв баталдаг нь маш буруу. Иргэддээ итгэх ёстой. Үйлдвэрлэгч болж байж, мөнгөний бодлогоо барих ёстой. Ерөөсөө чиг шугам нь энэ. Түүхий эд нь хангалттай байгаа. Зөвхөн хонь, үхрийнхээ нэхийг боловсруулаад цүнх, савхин бээлий хийхэд 3.5 сая монголыг хангалттай аваад явчихна.

Та өмнө нь ч бас тодорхой асуудлаар үгээ хэлж, тэмцэж байсныг санаж байна. Таны ард ямар нэг улс төрийн хүчин, улс төрч, эсвэл иргэний нийгмийн байгууллага байгаа юм биш үү?

Би ямар нэг нам, эвслийн гишүүн биш. Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ гүйтэтгэн, энд зогсож байна. Өнөө өглөө энд 07 цагт ирсэн.

Төрийн ордон дотор байгалийн баялгийг хэн их идэх вэ, хэн Биржээр зарах вэ гэдэг уралдаан явагдаж байгаа. Иргэд бид тэдний хэрүүлийг сонсоод л сууж байна. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. УИХ-ын гишүүд сайндаа ч биш өс хонзон өвөрлөхөөрөө л гэнэт шударга ёс ярьдаг. 250 сая ам.доллараар орд зарлаа, татвараас зайлсхийсэн, мөнгөө угаасан л гэж байна. Нөгөө Ухаахудгийг нь MCS идчихлээ л гэнэ. УИХ-ын гишүүд 170 сая төгрөг хандиваар авснаа мэдэхгүй зогсож байна гэдэг монгол төгрөг үнэгүйдэж байгаагийн л илрэл шүү дээ. Монгол төгрөгийн ханшийг чангаруулъя гэвэл Монгол Улс үйлдвэрлэгч орон л болох хэрэгтэй.

Ярилцлагыг видео хэлбэрээр үзэх бол: