m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.04.22 17:33
661
Сүүлийн таван жилд 1200 орчим жагсаал цуглаан зохион байгуулжээ

ХЗБХ-оор   Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа.

ЦЕГ-ын албаны дарга Н.Лхагвасайхан: Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 1200 орчим жагсаал цуглаан бүртгэгджээ. Давхардсан тоогоор 16 мянган иргэн оролцсоныг Цагдаагийн байгууллагаас хүн хүч, техник хэрэгслээр аюулгүй байдлыг хангах чиглэлд ажилласан. Жагсаал 188, цуглаан 1012 удаа зохион байгуулагджээ.

Энэхүү жагсаал цуглааны 85.2 хувь нь нийслэлд 14.8 хувь нь орон нутагт зохион байгуулагджээ. 10.4 хувь нь бүртгэлтэй, үлдсэн хувь нь бүртгэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Нийгэмд явж буй хэлэлцүүлгийг харахаар мөнгө тарааж, жагсаал цуглаанд татан оруулж байна гэх шүүмжлэл байдаг.  Мөнгөөр татаад жагсаал цуглаанд оролцож буй хүмүүсийн хувьд үзэл бодлоо илэрхийлээд эрхээ хамгаалж байна гэж үзэх үү. Яг яах вэ. Олон улсын жишиг нь ямар байдаг вэ?

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: жагсаалын үеэр төлбөр өгсөн мөнгө тараасан гэх асуудал байнга яригддаг. УИХ дээр ажлын хэсэг гаргаад Ж.Баярмаа гишүүн ахлаад явж байгаа.

 ЦЕГ-ын албаны дарга  Н.Лхагвасайхан: Жагсаал цуглааны дараа бие биенээ хардах юм байнга гардаг. Төлбөртэй боллоо гээд. Яг одоогийн байдлаар төлбөртэй жагсаал боллоо гээд шалгасан зүйл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Зөрчлийн тухай хуулиар хууль зөрчсөн гэх үндэслэлээр сүүлийн таван жилд 2020 онд 23, 2021 онд 20, 2022 онд 23, 2023 онд 9 гээд нийт 84 зөрчил бүртгэгдсэнээс 68 хүнд торгуулын арга хэмжээ авсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Хуулийн хэрэгжилтийн үр дагавар гэж байгаа. Хүний эрхийн индекс унаж байгаатай холбоотой улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө нь индекс унахад хэдэн хувийн хамааралтай байгаа вэ. Мөн 2024 оны 4.22-нд энэ хуулийн төсөл ХЗЯ-ны сайтад  нийтлэгджээ. Цахимаар тавьсан зүйлд хэдэн хүн оролцож, хэдэн санал ирсэн бэ? Жилд манай улсад 200 орчим жагсаал цуглаан болдгийн хэд нь улс төртэй холбоотой вэ?

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авч байгаа байдлыг халж байгаа нь хүний эрхийг дээшлүүлнэ гэж харж байна. Ордноос удирдлагатай жагсаал хангалуун байдаг. Органикаар жагсч буй жагсаал байндаа тусахгүй байгаа. иймээс давхар стандарт үүсээд байна. Улс төрчид өөрсөддөө таалагдаагүй жагсаалыг нэр зааж, төлбөртэй төлбөргүй гэж хүмүүсийг айлгаж байгаа нь зөв юм уу ?

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: ХЭҮК-оос жил бүр гаргадаг илтгэл дээр үндэслэж яримаар байна. Илтгэлд дурьдагдсан зөвлөмжүүдийн 70 хувийг хуульд тусгасан. Энэхүү зөвлөмж хүний эрхийн хэм хэмжээ, хууль, дүрэм журамтай уялдаж гардаг учраас хуульд түлхүү тусгаж өгсөн. Жилд болж буй жагсаалуудаас сэдвүүдийг ангилаад үзвэл өөрт тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр жагссан нь хамгийн өндөр хувьтай байна. Мөн сонгуультай холбоотой, жагсагч тэмцэгчид байгалийн баялагтай холбоотой жагсах, ЗГ-ын гэнэтийн шийдвэр тогтоолын асуудлаар мөн жагссан байна. Жагсаал цуглаан хийх эрхийг нь баталгаажуулаад өгвөл  илүү үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ.

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 75 хувийн  саналаар дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.