m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2025.04.22 17:39
412
Мари Луз Канакири: “Гол усыг хамгаална гэдэг нь өөрсдийн амьдралаа хамгаална гэсэн үг”

 Мари Луз Канакири Перугийн Мараньон голын эрэг дээр мэндэлсэн, одоо ч тэндээ амьдарч байгаа. Перугийн хоёр дахь том гол Мараньон нь Андын нуруугаар 1700 км урсаад Амазон мөрөнд цутгадаг. Канакири болон Кукама тосгоны бусад эмэгтэйчүүд шүүхэд хандаж “Мараньон гол элдэв бохирдлоос ангид, чөлөөтэй урсах эрхтэй” гэсэн шийдвэрийг гаргуулж чадсан юм.

Перугийн хууль, шүүхийн түүхэнд анх удаа усан биетийг хуулийн этгээд хэмээн хүлээн зөвшөөрсөн нь түүхэн шийдвэр болжээ.

Канакири өчигдөр АНУ-д очиж “Ногоон Нобель” хэмээн алдаршсан нэр хүндтэй Goldman шагналыг хүлээж авлаа. Энэ нь эх дэлхийг хамгаалах үйлсэд манлайлж, үлгэр жишээ болсон хүмүүст олгодог шагнал юм. Перугийн PetroPeru компани нефтийн үлдэгдлээ 50 гаруй жилийн турш Мараньон гол руу асгасны дараа Канакиригийн тэргүүлдэг Huaynakana Kamatahuara Kana (Ажилчин эмэгтэйчүүд) холбоо хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Шүүх тус холбооны гомдлыг хангаж, Мараньон гол цэвэр ариун урсах эрхтэй хэмээн үзэж, хүрээлэн буй орчинд бүрэн нөхөн сэргээлт хийх үүргийг Petroperú компанид өгчээ. ВВС-ийн сурвалжлагч Мари Луз Канакиритэй уулзжээ.

- Перугийн хоёр дахь том гол Мараньон нь зарим хүний хувьд зүгээр л урсгал ус. Танд болон танай хүмүүст бол огт өөр зүйл байх. Кукама тосгоны хувьд Мараньон гол нь юуг илэрхийлэх вэ?

Бидний хувьд хамгийн ариун нандин зүйл. Бидний эцэг шиг л бид нарт загас жараахай өгдөг. Загас бол бидний хоол, эдийн засаг, эрүүл мэнд. Амьдралын маань нэг хэсэг. Кукама тосгон усанд ойрхон, усны амь, сүнстэй маш их холбоотой газар. Гол ус бол яг л хүн шиг. Гол усны ээж нь Амазон, Мараньон гол хүүхэд нь л гэсэн үг. Энэ ургамал, мод, газар дээр байгаа бүх зүйл гол, усаар л ундаалдаг.

-Кукама тосгоны эмэгтэйчүүд 2021 онд шүүхэд гомдол гаргаж, улмаар түүхэн ялалт байгуулахад юу түлхэв?

- Нефтийн компани нефть, хаягдлаа байнга гол руу асгаж гол бохирдож, загасгүй болж, хүн амьтан байх аргагүй болсон. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж, халдвар авах, үр зулбах болсон. Гажигтай хүүхдүүд ч төрөх боллоо. Тэд 50 жил гол бохирдуулж биднийг аажмаар хөнөөх болсон юм. Хүмүүс хавдар, янз бүрийн өвчнөөр өвдөж, үхэж, манай нийгэм, тосгон мөхөж эхэлсэн. Сүүлдээ уух ус ч үгүй болсон.

- Голын усыг унданд хэрэглэдэг үү?

- Голын усыг бүх зүйлд хэрэглэдэг. Янз бүрийн хог, төмөр ороод бохирдуулсныг бид мэдэж байгаа. Голын эрэг дагаж амьдардаг хүмүүс голоосоо л ундаалахаас өөр аргагүй.

- Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Кукамагийн эмэгтэйчүүд яаж тэмцэв дээ?

-Бид 2000 оноос эхлэн зохион байгуулалтад орсон. Гэвч мачист үзэл их байлаа, уулзалт, хурал дээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох нь бага байсан. Бид санаа бодлоо хэлбэл сайн сонсдоггүй байсан. Учир нь эмэгтэй хүн бол нөхөртөө, хүүхэддээ л үйлчлэх, угаах, хоол хийх ёстой гэсэн хандлага амь бөхтэй хэвээр байсан. Ингэж гадуурхагдаж байхдаа өөрөөсөө асуулаа, яагаад бид нар эрэгтэйчүүд шиг зохион байгуулалтад орж болдоггүй билээ гэж. Бидний мэдэрч байгаа зүйлийг бид л ил гаргаж хэлж чадна. Ийм санаа төрөөд хувийн болон хамтын эрх ашгаа илэрхийлэх, шаардах хэрэгтэй гэж үзээд холбоогоо байгуулсан.

- Шүүх дээр байгуулсан ялалт нь зөвхөн та нарын, Мараньон голын ялалт биш, дэлхий нийтийн, ирээдүй үеийн ялалт болсон гэж та хэлсэн...

-Энд, Амазоны сав газарт бид л газар нутгаа хамгаална. Бусдын төлөө, мэндэлж байгаа үр хүүхдийнхээ төлөө, энд үлдэх хүмүүсийн төлөө үүнийг хийсэн. Учир нь тэд Амазоны сав газрын үр шимийг л хүртэж амьдарна.

Хэн нэгэн хүн хотод амьдардаг байлаа гэхэд амьсгалдаг агаар нь гол мөрнөөс ирж байгаа. Тиймээс бид гол усаа, ой модоо хамгаалах ёстой.

Модны үйлдвэр, нефтийн үйлдвэр, уурхайнууд байгаль орчинг бага бохирдуулаасай, нөхөн сэргээлт хийж байгаасай гэдэг үүднээс шүүхэд хандаж чухал ялалт байгуулсан. Амазоны сав газрыг хойч үедээ бүрэн бүтэн, амьсгалах агаартай үлдээмээр байна. Эмзэг, ямар ч гэмгүй явж байдаг хүүхэд, хөгшдийг төлөө үүнийг хийсэн гэж ойлгож болно.