Дүнжингаравын дэлбэрэлт болоод жил дөрвөн сарын хугацаа өнгөрсөн. Өнөөдөр БЗ,СБ, ЧД-ийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч мөрдөн байцаалтад буцлаа. Манай сурвалжлах баг хохирогч иргэдээс дараах тайлбарыг авлаа.
-Миний аав Т.Эрдэнэбаатар Цагдаагийн Сүлд чуулганд ажилладаг байсан. Дүгнэлтүүд гараад, Дашваанжил компанийг буруутган , хоёр хүнийг яллагдагчаар татсан. Өнөөдрийн хурлаар мөрдөн байцаалтад буцаж байх шиг байна. Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаанд "Дашваанжил" болон жолооч нарын зүгээс хүн ёсоор бидэнтэй уулзаж, уучлал гуйж байгаагүй. Хайртай аавыгаа алдсан ч буруутай этгээд хүн ёсоор яриад уучлал гуйх болов уу гэж их харсан. Миний хувьд маш гомдолтой байна.
-Би 207 дугаар байрны хохирогч байна. Анхан шатны хэлэлцүүлгээр мөрдөн байцаалт руу буцаалаа. Бид анх хохирогч, нэхэмжлэгчээр явж байсан. Прокурор дээр очингуут шууд нэхэмжлэгч болгоод, хохирогчоос хасчихсан байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үед бид гомдолтой байгаагаа хэлээд, мөрдөн байцаах руу буцаалаа. Маргаанд хохирогчоороо орох хүсэлтэй байна.
-“Дашваанжил” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс “Дашваанжил” компани замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй, Э.Мөнхнаран хаачив гэдэг асуудлыг хөндсөн. Энэ байр суурьтай та санал нийлж байна уу?
Энэ осол дээр хоёр жолоочийн туршлагыг ярьж байна. Туршлагын тухайд, хоёулаа л машин барих туршлагагүй улс байсан. Газны машины жолооч Ч.Рэнцэндорж нь насаараа жолооч хийсэн, өмнө нь том тэрэг барьж байсан гэх боловч яг газын машиныг жил гаруйн хугацаанд гуравхан удаа л жолоодсон байсан. БХЯ-ны албаны машиныг жолоодож байсан Э.Мөнхнаран гэдэг хүн нь хаана, юу хийж явааг мэдэхгүй. Бид бол хоёуланд нь хариуцлага үүрүүлнэ.
Гэхдээ шатах, дэлбэрэх аюултай техник барьж явсан жолооч газын машины хоолой ямар байх ёстой юм, тэр стандартаа бариагүй буруутай. Дээр нь тухайн жолооч Замын-Үүд рүү Төв аймгаар явах ёстой байсан ч маршрутаа зөрчиж, хот дотор явсан. Зөвшөөрөгдсөнөөс дээш хэмжээтэй газ аччихаад, зөвшөөрөлгүйгээр хот дотор зорчсон асуудлыг огт ярихгүй байна.
Ганцхан зам руу л буруугаа чихээд байх юм, Данваанжилынхан. Бид яг ийм стандартгүй замаар хичнээн жил явж ирсэн. Уулын замаар шөнийн цагаар том тэрэг явж болно гээд байгаа.
Манай байр уг нь сайн чанартай. Гэтэл муу гэж яриад байгаа. Сайн ч бай, муу ч бай, байрыг маань шатаачихсан. 207 дугаар байр руу илүү их гал орсон.
-Зэвэрсэн арматураар барилга барьсан байх магадлалтай гэж яриад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тэр бол зөвхөн тэдний л хардлага.