m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.04.23 10:40
130
Хагас сайн өдөр болох пап ламын оршуулгад дэлхийн лидерүүд оролцоно

Ромын католик шашны тэргүүн, пап лам Франсиског оршуулах ёслол хагас сайн өдөр Ариун Петрийн талбайд болно хэмээн Ватиканаас мэдэгдлээ. 88 настай пап лам Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлснээсээ 24 цагийн дараа таалал төгссөн юм. Их Британийн ханхүү Уильям, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Испанийн хаан Фелипе, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг дэлхийн лидерүүд оршуулгад оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Мөн Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва, Украины лидер Володимир Зеленский, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Их Британи, Италийн Ерөнхий сайд Кир Стармер, Жоржиа Мелони нар оролцоно. 
Уламжлал ёсоор, католик шашны тэргүүнүүдийг Ватиканы зүрхэнд орших Ариун Петрийн цогчин дугана дотор гурвалсан гантиг чулуун авсанд оршуулдаг. Харин Франсиско өөрийг нь Ромын Ариун Мариягийн сүмд оршуулаарай хэмээн гэрээслэжээ. Тэрээр сүүлийн 100 жилд Ватиканаас гадна нутаглуулж байгаа анхны пап лам болж байна. Пап лам Франсиско эцсийн хүслээ “Намайг газарт, энгийнээр, ямар нэг гоёл чимэглэлгүй оршуулаарай” гэж хэлээд ганцхан пап ламын Franciscus хэмээх латин нэрийг бичиж үлдээхийг хүсчээ.