Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.04.23 13:06
440
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар хэн юу хэлэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдөр /2025.04.23/-ийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. ЗГ-аас 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.

Манай улсад хэвлэн нийтлэх болон мэдээлэл авах эрх чөлөөг зохицуулсан хэд хэдэн хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах, хэвлэл мэдээллийн эрх чөлөө зэрэг суурь эрхүүдийг баталгаажуулсан.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (1998 он) Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус, чөлөөтэй ажиллахыг хуульчилсан.

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль (2005 он) МҮОНРТ-ийн хараат бус байдлыг хангах, олон нийтийн эрх ашгийг төлөөлөх агуулгатай мэдээлэл хүргэх зарчмыг тусгасан.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль (2011 он)

Төрийн болон орон нутгийн байгууллагууд иргэдэд мэдээлэл ил тод, хүртээмжтэй байдлаар өгөх үүрэг, иргэдийн мэдээлэл авах эрхийг хуульчилсан.

Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021 он) Иргэний хувийн мэдээллийг хамгаалах, тухайн хүний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулах, түгээхийг хориглосон.

Кибер аюулгүй байдлын тухай хууль (2022 он)

Хэвлэл мэдээллийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, цахим халдлагаас сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

Тэгвэл одоо хэлэлцэж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд агуулгын хяналтаас ангид байхыг баталгаажуулж, сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлан хамгаалах эрхийг хуульчилж, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд болон мэргэжлийн холбоодын төлөөллийн хэлсэн үг, байр суурийг хүргэе.

ХзДХ-ийн сайд О.Алтангэрэл: Мэдээллийн дагуу сэтгүүлчдийг хуулийн байгууллага дуудаж, эх сурвалжаа хэлэхийг шаарддаг. Мэдээллээ задруулахгүй байх нь төрийн үүрэг.  Тэрхүү мэдээллийг олж авч мэдээлсэн ХМХ, сэтгүүлч хариуцлага хүлээхгүй бөгөөд эх сурвалжаа илчлэх үүрэг хүлээхгүй гэдгийг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц бол эх сурвалжаа илчлэх эсэхээ ХМХ, сэтгүүлч өөрөө шийднэ.

“15 удаа гадагшаа явсан гэж мэдээлсэн. Гэтэл 13-хан удаа явсан” гээд, сэтгүүлчийг ялласан тохиолдол бий. Энэ бол илт худал мэдээлэл биш андуурал байсан. Тиймээс илт худал болон андуурал хоёрыг ялгаж зааглаж өгөх шаардлагатай байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.ГҮНЖИДМАА: Төрийн байгууллагууд мэдээлэл дамжуулдаг ОНХХ-тэй байж болно. Харин контент үйлдвэрлэдэг, томоохон медиа баг дэргэдээ татвар төлөгчдийн мөнгөөр байгуулж, ажиллуулж болохгүй!

Хэвлэл мэдээллийн салбар бол бусад салбартай харьцуулахад маш ядмаг зах зээлтэй. 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн статистик байдаг хэдий ч эдийн засгийн хувьд бүгд бие дааж, хараат бусаар ажиллах боломж хязгаарлагдмал. Орлогын гол эх үүсвэр нь 10 жилийн өмнө бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулдаг компаниуд байлаа.

Энэ нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдөж, төрийн байгууллагуудаас мэдээлэл дамжуулах төлбөр орж ирдэг болсон. Энэ нь редакциудын эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж байна. Төр нэг талаас санхүүгийн гол дэмжигч, нөгөө талаасаа гол өрсөлдөгч болчихсон ийм нөхцөлд мэргэжлийн редакциуд босож ирэхэд нэлээд хүндрэлтэй.

Энэ зах зээл дээр яг хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байгааг ч нарийвчлан гаргах боломжгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн рейтингийг  судалдаг судалгаа бас төдийлөн сайн хөгжихгүй байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж: Төрийн байгууллагууд дэргэдээ мэдээлэл дамжуулдаг ажилтантай байж болно. Харин контент үйлдвэрлэдэг, 4-5 хүний бүрэлдэхүүн бүхий албатай байж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Засаглалд нам ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон. УИХ нь бие даасан үйл ажиллагаа явуулахад төвөгтэй болсон, Засгийн газар нь Их хурлаа бүхэлд нь хянах хэмжээний олон давхар дээлтэй болчихсон гээд ийм их эрх мэдэл төвлөрч байгаа үед эрх мэдлийн төвлөрлийг бага ч болов хязгаарлах боломж нь сэтгүүлзүйн салбарт бий. Гэхдээ энэ үүргээ санхүүгийн асуудлаас болж хангаж чадахгүй байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар эдгээр асуудлыг углуургаар нь шийдэж чадахгүй, бэлгэдлийн шинжтэй цааш явах шинжтэй байна.

Улс төрийн хувьд эсрэг байр суурьтай хүнээ намнах троллуудаараа дайруулах үйл ажиллагааг татвар төлөгчдийн мөнгөөр хийгээд байгаа. Энэ байдлаас гарч чадна гэдэг итгэл төрөхгүй байна.

УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ: Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан учраас болж байсан процесс, гаргасан алдаа дутагдлуудыг мэдэж байгаа. Гэхдээ тэдгээрийг засаж залруулалгүй, оруулж ирсэн байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг тусад нь хийх ёстой. Хольчихоор бүх зүйл буруу болоод байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд болон тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан хэрнээ гуравдагч тал буюу мэдээлэл хүлээж авдаг олон нийтийн эрх ашгийг огт тусгаагүй байна. Бусад оронд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хэвлэл мэдээллийн Арбитр гэж байдаг. Өнөөдөр манайд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, сайн дурын гишүүнчлэлтэй байгууллагаар ёсзүйн асуудлыг шийдүүлэх нь учир дутагдалтай. Гуравдагч талын төлөөлөл байхгүй учраас.

Эх сурвалжаа нууцлахыг дэмжиж байгаа. Гэхдээ ямар тохиолдолд эх сурвалжаа нууцлах вэ, ямар тохиолдолд шүүхийн оролцоотой илчлэх вэ гэдгийг тодорхой тусгаагүй байна.

ХзДХ-ийн сайд О.Алтангэрэл: Энэ хуулийн төслийг өмнө нь дөрвөн удаа өргөн баригдсан ч буцаж байсан юм билээ. Олон удаа Ажлын хэсэг байгуулагдсан, яаман дээр нэлээд удсан.

Ний нуугүй хэлэхэд, энэ хуулийн төсөл унаад байдаг гол шалтгаан нь хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хэсэг дээр ирээд маргаан үүсдэг.  Үүний цаана сэтгүүлчийн болон сэтгүүл зүйн салбарын эрх зүйн байдал орхигдож ирсэн. Тиймээс энэ удаагийн хуульд өөрийн зохицуулалтын байгууллагатай байж болно гэдгийг хуульчлаад өгье гэж байгаа юм.

Таны анхааруулж хэлсэн зүйл энэ хуулийг урагшлуулахад нэлээд түлхэц болсныг хэлье. Олон нийтийн эрх ашиг гэж байна. Мэдээлэл хүлээж авах олон нийтийн эрх ашгийг бид ярихаас өөр арга байхгүй. Тиймээс гомдол гаргаж байгаа хүн, хуулийн этгээд нь редакци болон шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй гэж төсөлд заасан байгаа. 

Хэвлэл мэдээллийн зөвлөл гэх мэт сэтгүүлчдийн өөрсдийн бий болгосон бүтцийг цаашид яаж улам бэхжүүлэх вэ гэдэг талаас асуудалд хандаж, эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх гэж байна. Хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо гэх мэт хүний амь, амьдралтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай адилтгах албагүй.

Ямар ч байсан хуулийн төслөө хэлэлцэж эхэлье. Зарчмын зөрүүтэй саналууд гарвал хэлэлцээд, үнэхээр оруулж болохгүй заалт байх юм бол нэг алхам ухарч болно.