Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.04.23 14:03
1393
Ч.Лодойсамбуу: Сэтгүүлзүйн бүтээл хийж байгаа контент бүтээгчид, инфлүүсерүүдийн эрх чөлөө хумигдах эрсдэлтэй байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. ЗГ-аас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлч гишүүний хувьд үзэл баримтлалыг нь дэмжих боломжгүй гэдэг байр сууриа анхнаасаа илэрхийлсэн.

Олон асуудал байна. Зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг талаасаа хандаж, байгууллага болон сэтгүүлчийг тодорхойлоод, тодорхой хязгаар тогтоочихсон. Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад цаашид сэтгүүл зүйн чиг хандлага ямар байх вэ гэдгийг хайхрахгүйгээр боловсруулсан энэ хуулийг хэрэгжүүлэхэд нэлээд төвөгтэй болно.

Сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа хүмүүсийн эрх чөлөө хумигдах эрсдэлтэй юм байна гэдэг үүднээс би өөрийн ахлан ажиллаж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах тухай Ажлын хэсэг дээрээ татан авч ажиллахаар боллоо. Хэн нэгнийг ялгаж зааглахгүйгээр, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангасан өөрчлөлтүүдийг тусгахын төлөө ажиллана.

О.Алтангэрэл сайдтай нэг зүйлийг тохирсон. Ямар ч байсан хэлэлцээд эхэлье. Хэрэв бидний оруулсан санал, тэдний саналтай зөрчилдөөд байх юм бол буцаагаад татчихъя гэдэг тохиролцоонд хүрсэн. Хэрэв одоо татаад авчих юм бол нэг жилийн хугацаанд дахиж өргөн барих болмжгүй болчихож байгаа юм. Тиймээс хугацаа алдах эрсдэл байгаа. Яарах ч шаардлага байхгүй.

Миний хувьд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг Хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай хууль болгоод, хэн ч байсан хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь баталгаатай болгоё гэдэг байр суурьтай байгаа.

Хоёрдугаарт, мэдээлэл олж авах эрхийг нээлттэй болгох шаардлага бий. Ямар нэг мэдээлэл олж авах гэж сайд, дарга нарыг гуйдаг, олж авсан нь ял авдаг, эсвэл мэдээллээ хаанаас олж авсан бэ гэдэг дарамтад ордог. Энэ бүхэн чинь монгол төрийн мэдээлэл нээлттэй биш, бүр хуульчлаад нууцалчихсан байдагтай холбоотой. Ковидын үеэс хойш бараг 1000 шахуу мэдээллийг нууцад оруулсан байна билээ.

Гуравдугаарт, сэтгүүл зүйн ажлыг зөвхөн редакцид харъяалагдаж хийхээр хязгаарлачихсан байгаа юм.

Дөрөвдүгээрт, төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудын дэргэд байгаа Хэвлэлийн албадыг татан буулгая.

Тавдугаарт, төсвийн мөнгө болон хэвлэлийн санхүүжилтийг салгаж өгөх хувийн бодол байна. Төр зах зээлийн нэг оролцогч мөн үү гэвэл мөн. Гэхдээ ззах зээлд эзлэх хувь хэмжээ нь арай их байгаа учраас үүн дээр ярилцаж, тодорхой шийдлүүд гаргаж ирэх хэрэгтэй байгаа.

Эдгээр асуудлыг ярилцаж байж, шийднэ. Манай хэвлэлийнхэн энэ хуулийг энэ чигээр нь баталчих вий гэж санаа зовж байгаа.

Баахан тодорхойлолт гаргачихсан. Тэр тодорхойлолтынх нь гадна үлдэж байгаа хүмүүсийн эрхийг орхигдуулах гээд байна гэх мэт Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх шаардлага бий.

УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг намайг ахлаад ажилла гэх юм бол би юуны өмнө хэлэлцүүлэг зохион байгуулна. Контент бүтээгчид, инфлүүсерүүд болон хэвлэл мэдээллийнхэн гээд бүх талыг оролцуулна гэв.