Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.
Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа.