Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь тодрууллаа.
Монголчууд хууль журмын дагуу визийг нь авсан мөртлөө зарим улсын, ялангуяа БНСУ-ын хилээр тэр бүр нэвтэрч чадахгүй, хил дээрээс буцах тохиолдол олонтаа гарах боллоо. ГХ-ны сайдын тухайд энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
Хилийн чандад байгаа монголчууд маань өөрсдийн хариуцлагагүйгээс болж хэрэгт холбогдож байна. Хоорондоо зодолдох, осол гаргах, дээрэм, хүчин, тэр ч бүү хэл хүн амины хэрэгт хүртэл холбогдож байгаа нь дандаа архидалтаас үүдэлтэй.
Хууль бусаар оршин суудаг бусад улсын иргэд ч байдаг. Тэд маш томоотой, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй амьдардаг. Тэгэхээр манай иргэд өөрсдөө томоотой, сахилга баттай амьдармаар байна. Хаа сайгүй гэмт хэрэгт холбогдоод, дэлхий даяар монгол хүний үнэлэмжийг унагаачихаар монгол иргэд маань бусад улс оронд зорчих гэхээр виз нь гарахгүй, гарсан ч хилээр нэвтэрч чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Адаглаад хил гаалиар, мах, сүү, цагаан идээ оруулж болохгүй ээ гээд байхад л авч ордог. Хөдөө анд явж байгаад халаасандаа хийсэн сумтайгаа хилээр нэвтрээд саатуулагдах гэх мэт хэнэггүй байдлаасаа болж өөрсдийгөө хүнд байдалд оруулаад байна.
Монгол Улсыг төлөөлөн бусад оронд Элчин сайд болон консулаар томилогдох хүмүүсийн асуудал нэлээд хэл ам дагуулж байна. Улс төрийн нөлөөтэй томилгоонууд дээр та Гадаад харилцааны сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Япон улсын Токио хотод суух Элчин сайд болон Осака хотод суух Консулыг дурдсан байна билээ. Улс төрчдийн хувийн байр суурийг хүндэтгэж байгаа. Шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Япон улсад байгаа Элчин сайд бол худалдаа, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, Японд суралцаж төгссөн, улс төрийн итгэлцэл маш сайн ажиллаж байгаа.
ГХ-ны сайд, дипломат хүний хувиар хэлэхэд, бусад салбарын хүмүүс улс төрийн нөлөөллөөр олон жил бэлтгэгдэж байгаа хүмүүсийн урдуур дайрч, тусгай албанд томилогдох хүсэл сонирхлоо илэрхийлээд байгаагаа болиосой гэж хүсэж байна. Намууд засагт хамтрахдаа тохирсон квотын дагуу хүнээ байршуулах хүсэл сонирхлоо надад илэрхийлж байгаа. Салбар хариуцаж байгаа сайдын хувьд боломжтой ганц нэг хүнийг томилж болох юм, ихэнхийг нь боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гадаад харилцааны салбар бол улс төрөөс явж байгаа эсвэл хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан хийж байгаа улсыг байршуулдаг салбар биш. Мөн өвчтэй, зовлонтой эсвэл эсвэл тойргийнхоо хүнийг дэмжих гэж явуулдаг салбар ч биш. Хэдхэн дипломат маань гомдоно шүү ээ. Яах гэж энэ олон жил тэр улсыг судалж, яах гэж гурваас дөрвөн хэлээр ярьдаг болсон юм бэ. Гэтэл хэлний мэдлэг нимгэн, улсаа ч судлаагүй хэн нэгэн очоод ажиллахад багтаа ч хүндрэл учруулдаг. Өөрсдөө ч очоод зовдог.
Манай ЭСЯ-д бусад оронтой харьцуулахад, маш цөөхөн дипломаттайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хүн хүч нь хаанаа ч хүрэлцдэггүй. Тусгай албыг ойлгооч гэж хэлээд олон хүнд загнуулж байгаа. Гэхдээ тийм олон хүн биш, цөөхөн хүний асуудал яригдаж байгаа. ГХ-ны сайдын хувьд байр суурин дээрээ хатуу зогсоно. Манай дипломатууд дэлхийн дунджаас 40 хувиар доогуур цалин авдаг. Мэргэжилдээ дуртай учраас л ажиллаж байгаа. Чадвартай залуусыг олон улсын байгууллагууд байнга л ажилд урьдаг шүү дээ.
Хилийн чандад Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байгаа Элчин сайд нар болон, Консулууд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй. Тэд энэ үүргээ хэр гүйцэтгэж байна гэж дүгнэж байгаа вэ?
Элчин сайд нарт өгдөг хамгийн нэгдүгээр үүрэг бол эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх байдаг. Монголоос тухайн улс руу экспортлох бараа бүтээгдэхүүн байвал ямар ч Элчин сайд яаж ийгээд зарахыг л бодно. Тэд айлын талтай хамтрах бүхий л боломжийг эрэлхийлж, тасралтгүй ажилладаг.
Тиймээс энэ олон айлчлалын үр дүнд баримт бичгүүд үйлдэж байна. Тэдгээр баримт бичгээр бид айлтай ажиллах, худалдаа арилжаа хийх эрх зүйн орчноо бүрдүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэрээ хэлцэл нь байна, хөнгөлөлтүүдээ тохирчихлоо. Одоо бараагаа аваад ир гэхээр хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байна. Чанар, стандартыг нь хангасан бүтээгдэхүүн ховор байна. Үүнийг ЭЗХЯ бас анхаарах ёстой.
Монгол Улс Япон улстай гэхэд л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад, 5700 орчим бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй оруулъя гэж тохирсон. Энэ нь аж үйлдвэрийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Гэтэл үйлдвэрлээд, гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн алга. Евроазийн таван улс руу ч гэсэн экспортлох хэдхэн нэр төрлийн бараа байгаа юм билээ.
Тэгэхээр нэн тэргүүнд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Дээрээс нь экспортод гаргана гэдэг сав, баглаа боодлоос эхлээд айлын тавьж байгаа шалгуурт нийцсэн байх ёстой. Тийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурах хэрэгтэй.
Экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол гадагшаа гаргахад ямар ч саад тотгор байхгүй.
УИХ-аар ОХУ-тай хийх хоёр ч хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаа. Оросын талаас ирж байгаа ямар нэг дарамт байгаа юм биш биз гэсэн хардлагыг олон нийт илэрхийлж байна. Таны саналыг сонсъё?
Манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратеги түншлэл тогтоон ажиллаж байгаа. Энэ цаг үед мөнхийн хоёр хөрштэйгээ түүхэнд байгаагүй хамгийн өндөр түвшинд харилцаж байна. БНХАУ-тай ямар харилцаатайг та бүхэн сайн мэднэ. ОХУ-ын тухайд бид худалдаагаа тэнцвэржүүлэх ёстой. Худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир гаргах асуудлыг ярьсан.
Евроазийн эдийн засгийн байгууллагад таван улс нэгдсэн байдаг. 13 улстай түншилдэг. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийх гэж ОХУ-ын талаас шахаад байгаа зүйл огт байхгүй, бид өөрсдөө гарц гаргалгаа хайсны эцэст оросууд бидэнд Ирантай хийсэн хэлэлцээрээ санал болгосон юм. Энэ нь гурван жилийн хугацаатай байгуулдаг, түр хэлэлцээр юм. Энэ хугацаанд манай аж ахуйн нэгжүүд магадгүй илүү сэдэл төрөөд, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж болох юм. Гурван жилийн дараа үр дүнг нь харж байгаад хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэн сунгах эсэхийг шийднэ. Гарсан ч болно, заавал нэгдэх ёстой гэсэн тулгалт гэрээнд байхгүй. Нэмэлт, өөрчлөлт хийх нь ч чөлөөтэй.
Түлш нийлүүлэх хэлэлцээрийн тухайд бид ойрын хугацаанд ОХУ-аас өөр улсаас авах боломж байхгүй. БНХАУ-аас авахаар үнэтэй тусдаг. “Роснефт” ХХК харьцангуй хямд үнээр түлш нийлүүлдэг. Үүнийгээ л таслахгүй нийлүүлье гэж байгаа юм. Энэ асуудлыг мөн л монголын талаас тавьсан. Манай эрх ашигт нийцэж байгаа учраас. ОХУ-ын талаас манайх төрийн өмчит компаниар дамжуулах учраас танайх бас төрийн өмчит компаниа байгуулчих гэдэг шаардлага л тавьсан. Гэрээний төсөл дээр засварууд хийж байгаа.
Энэ гэрээний нэг салшгүй хэсэг нь онгоцны түлш нийлүүлэхээс гадна дизель түлш, бензин зэрэг бусад шатах, тослох бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх асуудал юм. Манай аж ахуйн нэгжүүд Ангарскын үйлдвэрээс байнга авдаг. Энэ нь заримдаа тасалддаг. Тэгэхээр үүнийг таслахгүй байх, аль болох урт хугацаанд, хямд үнээр тогтвортой нийлүүлээч гэж бид байнга гуйдаг. Тэгэхээр зөвхөн агаарын хөлгийн түлш биш газрын тосны бусад бүтээгдэхүүнийг байнга, тасралтгүй нийлүүлэх талаар бид ОХУ-тай тохирсон. Хоёр улс хоёр талдаа хууль тогтоодог байгууллагаараа соёрхон батлаад явна. Энэ нь зөвхөн түлш нийлүүлэх тухай болохоос японтой байгуулсан гэрээнд оролцох асуудал байхгүй.
Шууд дамжуулалт үзэх холбоос: