Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.04.23 17:31
1777
С.Мишиг: Залуучуудад итгэлцлийн зээл өгч, бизнесийн гарааг нь дэмжээд өгвөл үйлдвэрлэл эрхлэгчид нэмэгдэнэ

УИХ-ын 126 гишүүнийг төлөөлүүлэн 126 толгой /манекан/ Төрийн ордны хойно тавиад, төрөөс хэрэгжүүлж буй мөнгөний бодлогыг шүүмжлэн, тодорхой шаардлага тавих С.Мишиг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого  дутагдаж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Таны хувьд өөрийн патентаар оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн удаатай. Яг ямар бэрхшээлтэй тулгарав?

Би удам дамжсан оёдолчин хүн. Хийсэн бүтээгдэхүүнийг маань Швейцарь руу авч явсан хүн “Энэ маш их эрэлттэй бүтээгдэхүүн байна. Их хэмжээгээр авъя” гэдэг санал тавьсан. Би монголын төрд төсөл бичиж өгсөн, ч дэмжигдээгүй. Би өөрөө Монгол Улсын оюуны өмчийн байгууллагад бүртгэлтэй патенттай хүн. Өнөөдөр гудамжинд үзэл бодлоо илэрхийлж зогсохын оронд оёдлын машины ард зогсоод хэдэн хүнд зааж сургаад байж байх ёстой байсан.

Манай БГД-ийн нэг дүгээр хороонд үнэхээр биширмээр гоё цүнх оёдог оёдолчин байдаг. Тэгэхэд тэр хүнд бас зээл нь олддоггүй. Жаахан дэмжээд өгсөн бол Эмээлт дээр үнэгүй хаягдаад байгаа үхэр, хонины арьсыг боловсруулаад, цүнхээ экспортлоод, гаднаас доллар оруулж ирээд байх байлаа. Монголын төр оёдолчдоо, үйлдвэрлэгчдээ дэмжээд явсан бол болох байсан.

Бидний бас нэг алдаа бол хамтарч нэгдэж чаддаггүй, дор дороо ганц ганц оёдлын машин аваад, нэг нэг подвальд ороод суучихдаг.

БНСУ яаж хөгжсөн юм бэ гэхээр төр нь үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад, англи, америк, германд борлуулсан. Манай дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа зөндөө явдаг хэрнээ яагаад үүнийг олж хардаггүй юм бэ, яагаад хийдэггүй юм бэ?

Төр оролцох гэхээсээ илүүтэй ложистик болон хоорондоо нэгдэн, кластер байдлаар ажиллахад таатай эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх юм биш үү?

Төр бизнес хийх биш бодлогоор дэмжээд өгөөч ээ гээд байгаа юм. Манайх уг нь хуульдаа төр бизнест хутгалдахгүй гэж заасан байдаг шүү дээ. Эрдэм мэдлэгтэй, чадвартай залуучуудыг энд тэнд менежерээр тавиад байна. Уг нь тэдэнд итгэлцлийн зээл өгч, бизнесийн гарааг нь дэмжээд өгвөл үйлдвэрлэл эрхэлж болох шүү дээ.

Солонгос орон дампуурлын ирмэгт тулаад, гудамжинд алт, мөнгө цуглуулж байх үедээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн байдаг.

Миний хувьд эх орондоо хэрэгтэй зүйл хийчих юм сан гэж байнга шинэ санаа эрэлхийлж явдаг хүн. Гадаад хэл мэдэхгүй ч орчуулгын төхөөрөмж ашиглаад хэрэгтэй мэдээллээ авчихдаг.

Ярилцлагыг дүрс бичлэгээр үзэх бол: