АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, Орос улс Украины асуудлаар тохиролцоонд хүрэхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ. “Орос бэлэн болсон гэж бодож байна. Бид Оростой тохиролцсон гэж бодож байгаа. Одоо Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй тохиролцох хэрэгтэй” хэмээн Америкийн лидер ярьжээ. Украины удирдагчтай тохиролцоход амархан гэж бодож байсан хэмээн Трамп хэллээ. Тэрээр Зеленскийг “тоглох хөзөргүй хүн” хэмээн нэрлээд Украин дахь нөхцөл байдлыг “хөөрхийлөлтэй” хэмээн тодотгожээ. Зеленский дайн, мөргөлдөөнөө үргэлжлүүлсээр, буулт хийхгүй байсаар байвал улс орноо алдана хэмээн Цагаан ордны эзэн хэлж байна. Киевт Крымийн хойг тийм их хэрэгтэй байсан юм бол яагаад Украины зэвсэгт хүчин 2014 онд Крымийн төлөө байлдаагүй юм бэ хэмээн Трамп асуулт тавьжээ. Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөр гэж хэн ч Украины Ерөнхийлөгчөөс хүсээгүй хэмээн Трамп ярилаа.