Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Францын Le Point сэтгүүлд ярилцлага өгөхдөө Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярьжээ. “Уулзалт үр дүнтэй байх ёстой. Трамп, Путин хоёр аль аль нь үр дүн хүсч байгаа. Тэд зарим асуудлаар ойрхон, санаа нэгтэй байгаа. Гэвч энэ нь тэд бүх тал дээр санаа нийлж байгаа гэсэн үг биш” хэмээн Песков ярьж байна. Аль аль тал нь өөрсдийн, улс орныхоо эрх ашгийг хамгаалж байгаа, гэхдээ тэднийг нэг зүйл нэгтгэж байгаа нь яриа хэлэлцээнээс татгалзах нь утгагүй гэдгийг ойлгосон явдал хэмээн Кремлийн төлөөлөгч онцоллоо. Хамгийн хэцүү, ээдрээтэй асуудлыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийднэ гэдгийг талууд ойлгосон, харин Байдений засаг захиргаанд ийм эрмэлзэл байгаагүй хэмээн үзэж байна. “Трамп улс төрийн хүчтэй лидер, хувь хүнийхээ хувьд ч хүчирхэг, зангарагтай. Путин бол угийн хүчирхэг хүн. Тэр хүчирхэг хүмүүсийг үнэлдэг” хэмээн Песков ярилаа. Москва, Вашингтоны харилцаа хэвийн болж байж л Украины хямрал шийдэгдэнэ хэмээн Орос үзэж байна. Путин, Трампын уулзалт хэзээ болох талаар сэтгүүлч асуухад “Уулзалт үр дүнтэй байх ёстой” гэдгээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Хоёр, гурван талын уулзалтууд хийгдэж, маргаантай асуудлаар тохиролцохоор болсон үед л Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт яригдана гэдгийг Кремлийн төлөөлөгч ойлгуулжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт ч энэ талаар тоймтой юм ярьсангүй, Путин, Трамп хоёрын болзошгүй уулзалтын талаар одоогоор хэлэх юм алга гэжээ. Украины дайн эхэлснээс хойш Путин, Трамп хоёр уулзаагүй, гэвч хоёр удаа (хоёр, гуравдугаар сард) утсаар ярилцсан. Сүүлчийн телефон яриа хоёр цаг хагас үргэлжилж, Украины хямралыг зохицуулах асуудлыг голлон ярьсан юм. Үр дүнд нь 30 хоногийн турш эрчим хүчний салбарыг довтлохгүй байхаар тохиролцож, цаашид гэрээ, хэлэлцээгээ үргэлжүүлэхээр болсон билээ.