Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ЗГ-аас өргөн барьж, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодруулга авлаа.
"Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ЗГ-аас оруулж ирж байгаа хууль товчхон, асуудлуудаа бүрэн зохицуулаагүй, хэвлэл мэдээллийн зөвлөлийг нэр дурьдах төдий оруулж ирсэн, өөр асуудал шийдсэн зүйл харагдахгүй байгаа. Би энэ хуулийг тусдаа боловсруулах ёстой гэж бодож байгаа. Энэ хуулийг 1998 оны хуулийн үндсэн агуулгыг хадгалж, эх сурвалжаа нууцлах асуудлыг нэмээд, хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуулиар бусад асуудлыг зохицуулж явъя гэж харж байсан ч энэ чиглэлээр орж ирсэнгүй. Мөн сэтгүүлчийн ёс зүйн асуудал байгаа. Энэ салбарт эзэд буюу хөрөнгө оруулагч, редакци, сэтгүүлчид ажиллаж байна. Гол нь үнэн зөв мэдээлэл авах гэсэн иргэдийн эрх ашгийг бодож хууль боловсруулах хэрэгтэй. Түүнээс биш гагцхүү сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага гэж хандаж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөөний хуулиас гадна сэтгүүлчийн ёс зүйн асуудал мөн давхар яригдах ёстой. Өнөөдөр ХМЗ нэртэй байгууллага дээр бүх редакци гишүүнчлэлгүй. Гарсан шийдвэрийг биелүүлдэггүй. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш энэ байгууллагын дэргэд хараат бусаар ажиллаж чадах хэвлэл мэдээллийн арбитр ажилах ёстой гэж харж байна. Түүнээс биш хэт өөрсдийнхөөрөө шийдвэр гаргадаг, хариуцлага алдсан сэтгүүлчид ямар арга хэмжээ авж байгаа нь тодорхой бус, ямар процессийн дагуу нотлох баримт цуглуулаад, юу дүгнэж байгаа нь мэдэгдэхгүй байвал сэтгүүлчийн асуудал цагдаа, шүүх рүү явдаг хэвээрээ байна. Иймээс хэвлэл мэдээллийн арбитр байгуулаад асуудлыг шийддэг байх нь зөв гэж үзэж байгаа" гэлээ.