Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.04.24 15:01
462
Ж.ЭНХБАЯР: Газар тариалангийн салбарыг аврахын тулд гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болгох ёстой!

УИХ-ын энэ өдөр /2025.04.24/-ийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төлсийг энэ оны эхээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хүчингүй болгох гэж буй хуулийг Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталж байсан юм.

Уг хууль нь үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд учраас хүчингүй болгохоор УИХ*аар хэлэлцэж байна. Нэгдсэн чуулганаар хэлэлцсэний дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:

Энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг үед малын тэжээлийг нэмэгдүүлэх, гурилын үнийг зохицуулах шаардлага үүсээд энэ арга хэмжээг авсан бөгөөд үр дүнгээ өгсөн. Тэжээлийн нөөц нэмэгдсэн, гурилын үнэ тогтворжсон.

Гол асуудал нь хууль болгон батлаад явчихаар бүтэн жилийн цикль өнгөрчихж байгаа юм. Тариалангийн ажил эхлэхээс өмнө тариаланчдаа улаан буудайгаар хангах ажлыг бид идэвхжүүлэх ёстой. Хэрэв энэ хууль батлагдахгүй бол улаан буудайн тариалалт болон гурилын үйлдвэрлэл эрс буурах, импортын хамаарал улам нэмэгдэх нөхцөл байдал бий болно.

Зөвхөн гурил биш. Үүний цаана Монгол Улсын газар тариалангийн салбарын асуудал бий. Газар тариалан бол хөдөө аж ахуйн салбарын гол суурь нь. Мал сүргийг тэжээлийн дутагдлаас хамгаалах, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангахаас гадна тахиа, шувуу, гахайны фирмийн гол суурь нь болдог. Ер нь газар дээр тарьж, ургуулж байж хүнс бий болдог. Тэгэхээр энэ салбар байх эсэх асуудал хөндөгдөөд байгаа юм.

Яам бол энэ бодлогоо хамгаална. Газар тариалан тогтвортой байж, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл урагшилна. Хөдөөд хөгжил бий болно. Олон мянган хүн ажлын байраар хангагдана. Манай салбарт 600 мянган хүн ажиллаж байгаа. Монгол Улсын ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь энэ салбарт ажилладаг гэсэн үг. Газар тариалангийн бүсийг дагаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хөдөөд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, хөгжил авчрах, төвлөрлийг сааруулах бодлого гарна. Хөдөөг хөгжүүлж байж, төвлөрөл саарна. Яам өөрөө газар тариалангийн бүс нутагт шилжин очсон нь ч энэ зорилготой холбоотой.

Цаашид дотоодын үйлдвэр оршин тогтнох эсэх асуудал хөндөгдөж байгаа юм. Гурилын үнэ үнэтэй байна гээд үүнийг зогсоох юм бол гурилын үйлдвэрүүд унана. Гурилын үйлдвэрүүд унавал газар тариалан, улаан буудай тарихгүй. Улмаар тариалангийн талбай өөрөө зэрлэгшээд, тэнд байгаа тэнд байгаа бүх аж ахуй, боловсон хүчний нөөц бусад салбар руу шилжинэ. Үүнийг дагаад овоо өндийж байсан гахай, тахиа, шувуу, өндөг, сүүний аж ахуйнууд тэжээлийн дутагдалд орно. Эдгээр дээр тулгуурласан хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд түүхий эдгүй болно. Гэх мэтийн маш хүчтэй, гинжин урвал бүхий асар хөнөөлтэй үйл явдлууд хөвөрнө.

Ерээд оны энэ түүхийг бид мартаж болохгүй. Бүгдийг зах зээлд нь даатгасан. Үр дүнд нь монголын газар тариалан унасан. Бүх талбай зэрлэгтээ баригдсан. САА-нууд бүгд татан буугдсан. Тэнд ажиллаж байсан мэргэжлийн хүний нөөцөө бид алдсан. Улмаар төвлөрөл, хотжилт хүчтэй явагдсан. Хөдөө орон нутагт амьжиргаа эрс буурсан шүү дээ.

Үндсэндээ бид үйлвэрлэгч биш хэрэглэгч улс болж хувирсан. Одоо маш их хүч зарж байж, “Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” гээд зорилтот хөтөлбөрүүд гаргаад, энэ салбарыг сэргээх том бодлого хэрэгжүүлж байна шүү дээ. Эдгээр арга хэмжээ хэрэгжиж байхад саяын зохицуулалт сөрөг нөлөө үзүүлээд эхэлж байгаа юм. Үүнийг УИХ-аар шийдэх гэж байна. Үүний цаана Монгол Улсад хөдөө аж ахуй байх уу, газар тариалан байх уу, хөнгөн хүнсний үйлдвэр байх уу гэдэг асуудал яригдана.

Би сайд болсноос хойш хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ аль болох урт хугацаанд, хөнгөлөлттэй зээлд хамруулахад онцгой анхаарч ирлээ. Надад хуваарилагдсан төсвийн эх үүсвэрийг бүгдийг нь банкуудад зээлийн эх үүсвэр болгон өгч байгаа. Зээл олголтод манай яамны нэг ч ажилтан нөлөөлөх эрхгүй. Манай салбар ил тод байгаа. Арилжаааны банкууд өөрсдөө бизнесийн зарчмаар шийдвэрээ гаргаад, зээл олгоод явж байгаа. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг санхүүжилтээр ханган ажиллаж байгаа гэсэн үг.  

Үр дүн ч хангалттай гарч байна. Төсөл хөтөлбөрүүд дөнгөж хөдөлж эхэлж байна гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх холбоос: