Нийслэлийн прокурорын газраас Төгрөг нууртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. НПГ-ын хяналтын прокурор Ц.Гансүх дараах мэдээллийг өглөө.
-2025.4.11-нд ЗГХЭГ-аас гэмт хэргийн мэдээллийн талаар ирүүлсэн. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр АТГ-н мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээхээр ирүүлсэн. Уг тогтоолын дагуу НПГ-аас хянаад ЭХ-ийн тусгай ангийн 22.1 эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, ЭХТА-ийн 22.10-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг НПГ ирүүлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага болон АТГ хамтарсан ажлын хэсэг байгуулан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэж, Эрүүгийн хуулийн дагуу яллагдагчаар татна. Одоогийн байдлаар хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байна.
-Олны нийтийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр яваад байгаа. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй гэдэг үндэслэл энэ хүнтэй холбоотой юу?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн, хэвлэгдсэн асуудлыг шалгаж байна. Хуулинд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Тухайлан хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Түүний дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой.