m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.04.24 16:35
666
О.Алтангэрэл: Илт худал мэдээлэл үү, эндүүрэл үү гэдгийг ялгаж салгахаар нарийвчлан оруулж ирсэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Бид гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг энэ хуультай холбох хэрэггүй байх. Нийгмийн сүлжээтэй холбоотой зүйлийг шууд энэ хуультай холбох хэрэггүй. Эмх цэгцтэй авч үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийн хүний жам ёсны эрхийн араас явж байгаа учраас үзэл бодлоо илэрхийлэх эрхийг аль болох шилэн тунгалаг байлгах хэрэгтэй. Сэтгүүлч хоригдол болоод байгаа, эх сурвалжаа нуух асуудлуудыг дэмжиж байгаа. Монгол шиг цөөн хүн амтай оронд олон хэвлэл мэдээллийн байгууллага байна. Улс төр ба хэвлэл мэдээллийн хамаарал их байна. 

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэхээр медиа буюу институци руугаа чиглээд байна. Өргөн хүрээтэй нэршээд үзэл баримтлалыг дахиж ярилцах боломжтой юу?

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Иргэдийн мэдэх эрхтэй холбоотой асуудал. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хууль байгаа. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж бий. Гэтэл сэтгүүлчид мэдээлэл олж авах нь хэцүү байна гэж байгаа. Хуучин хууль дөрвөн заалттай. Одоо энэ хууль 16 заалттай. Хэвлэл мэдээллийн байгууллага руу чиглэж байгаа нь үнэн. Энэ хууль хэвлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, сэтгүүлчийн харилцааг зонхилон зохицуулж байгаа нь үнэн. Олон олон асуудлыг нэг хууль дор оруулах нь батлагдахгүй удахад хүрдэг. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байна гэж 1998 оны хуульд баталсан юм билээ. 1998 оны хууль хэрэгжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд хэдэн сэтгүүлч гүтгэх, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой ёс зүйн хариуцлага хүлээсэн бэ?

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: ХМЗ-д одоогийн байдлаар иргэдээс 600 орчим гомдол хүлээж авсан. 600 орчим гомдлоос бид хэрэг үүсгэж 400 орчмыг ё зүйн хороогоор хэлэлцээд, 70 орчим нь хувь нь ёс зүйн алдаа гарчээ гэж үзсэн. Мэргэжлийн алдаа гаргаснаас үүдээд, нийтлэг мөрддөг ёс зүйн хэм хэмжээг зөрчиж үү үгүй юу гэдгийг ХМЗ ажилладаг. ХМЗ нь сэтгүүл зүйн бүтээл дээр нь ажиллаж, ёс зүйн дүгнэлт гаргадаг. Ёс зүйн өөрийн зохицуулалтын асуудал мэргэжлийнхний талбар гэж үлдээдэг. Энэ нь өөрөө олон улсын сайн жишиг. Ёс зүйн дүгнэлтийг гаргаад, хэрхэн засч залруулах нь зөөлөн зохицуулалтын арга буюу дүгнэлтийг нээлттэй орхидог. 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл:  1998 оны хууль хэрэгждэггүй нь үнэн л дээ. Олон улсад нэг цонхны бодлогоор гадаадад өөрийн орноо сурталчлах шаардлага байдаг. Иймээс Монцамэ ашгийн бус байгууллага байдлаар ажллаад, бусад байгууллага хуулийн зохицуулалтын дагуу явъя гэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. Сэтгүүлзүйд эндүүрэл байж болно. Ташаа байж болно. Андуурч болно. Гэтэл үүнийг нь тодорхойлоогүйн улмаас ямар нэг байдлаар бодит байдалтай нийцээгүй л бол худал мэдээлэл болчиж байгаа юм. Иймээс илт худал мэдээлэл гэж ийм зүйлийг хэлнээ гээд нарийвчлан оруулж байгаа юм. Илт худал мэдээлэл гэдэг нь хүн, хуулийн этгээдийн нэр хүндийг зориудаар гутаахаар, үүнээс үүдэж хохирол учирсан үед ЭХ-аараа шийднэ гэж байгаа.