Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө жил бүрийн бүтээн байгулалтын ажлыг дөрөв дүгээр сард эхлүүлж байх соёл тогтооно, намар оройтож эхлэхээр зардал өсдөг гэдгийг онцоллоо. Тэрээр цааш нь хэлэхдээ:
Нийслэлийн түгжрэл, утаа, агаарын бохирдлыг шийдвэрлэх тал дээр Засгийн газар нэг жилийн хугацаанд онцгой анхаарч ажиллана. Энэ хугацаанд томоохон төслүүдээ хөдөлгөөд авъя. Монгол Улсын бүтээн байгуулалтын түүхэнд маш өвөрмөц хавар тохиож байна. Манай орны хувьд нэг онцлог бий. Бид нэг зуныг алдчихвал бүтэн нэг жилийг алдана гэсэн үг. 4-8 дугаар сарыг бүтээн байгуулалт руугаа анхаардаг бүх нийтийн соёлыг бий болгомоор байна. Хавар дөрөв дүгээр сард амжиж эхлүүлэхгүй бол намар болгочихоор зардал өсдөг.
Энэ жилийн хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг зургаа дугаар сард эхлэхээр байна. Баруун бүс нутгийн тохируулагч том станц болно. Тав дугаар цахилгаан станцыг мөн эхлүүлнэ.
Нийслэлд Туулын хурдны зам тавина. Өнөөдөр Хөшгийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Найм дугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн. Засгийн газрын боломжит хугацаа бол 10 дугаар сарын нэгний өдөр. Энэхүү бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Монголын төмөр зам” компани өөрийн эх үүсвэрээс гаргана. Дээрээс нь Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт гаргана. Бүх аймаг Улаанбаатараас хүнс, бараагаа авдаг. Үүнийг урд талдаа буюу Хөшгийн хөндийд гаргах юм. Манай нийслэл уртаашаа сунаж тогтсон хот. 100 км төмөр зам тавьж, Богд уулын урд талыг ашигласнаар Улаанбаатар хотыг өргөтгөж байгаа хэрэг. 100км төмөр зам говийн бүс нутагт зөндөө баригдсан ч нийслэлийн эргэн тойронд хараахан баригдаагүй байгаа.
Шинэ суурьшлын бүсэд байгуулагдах нисэх буудлаа түшиглээд тээвэр логистикын төвөө байгуулчих юм бол нийслэлийн 700 га дотор төвлөрсөн төрийн байгууллагууд задрах нөхцөл бүрдэнэ.
Шинэ Хархорум хотын тухайд хугацаа орохоор байгаа. Олон жил яригдсан Гашуунсухайт-Ганц модны боомтын бүтээн байгуулалт 5 дугаар сарын 14-нд эхэлнэ. 1.9 жилийн хугацаанд барьж дуусгана. Гэх мэтчилэн энэ жилийн хувьд бүтээн байгуулалт арвинтай байна. Ялангуяа Зам тээврийн яам илүү ачаалалтай ажиллана. Хаврын бүтээн байгуулалт эх орны маань өнцөг булан бүрд өрнөж байна.
Дэлхийн эдийн засаг геополитик, тарифаас хамаараад нэлээд савлагаатай байна. Энэ нөхцөл байдал тодорхойгүй байх тусам монголчууд бид илүү тодорхой байх ёстой. Төслүүд маш ойлгомжтой, эхлэх, дуусах хугацаа тодорхой байх ёстой.
Засгийн газрын зүгээс бүтээн байгуулалтын ажлуудаа нэлээд шахаж ажиллана. Энэ мэтээр төслүүдээ 4-5 дугаар сард хөдөлгөөд намар 10 дугаар сард дуусгаж чадах юм бол том төслүүдэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Хувийн хэвшлийнхэн ч гэсэн бизнесээ төлөвлөх боломжтой болно.
Тээвэр логистикын төвд хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд үнэ төлбөргүй газар олгох ажил өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулах тээвэр логистикын төвийг бүтээн байгуулахад төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцохыг уриалж байна гэлээ.
Шууд дамжуулалт үзэх холбоос: