ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчин болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Энэ оны 2-р сарын 18-аас 4-р сарын 24-ны хооронд улаанбурхан өвчний 800 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Бүртгэгдсэн тохиолдлын 570 нь эдгэрсэн. Өвчлөл Улаанбаатар, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Төв, Архангай аймгуудад бүртгэгдсэн.
Нийт батлагдсан тохиолдлын 77 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Батлагдсан 800 тохиолдлын 5 нь гаднын улс орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн.
Харин газарзүйн байршлын хувьд Баянхонгор, Өмнөговь аймагт 177, Дундговь аймагт 90, Хэнтий аймагт 6, Улаанбаатар хотод 496 тохиолдол бүртгэгдсэн.
Вакцинд хамрагдах нас нь болоогүй 1-ээс доош насны хүүхдүүд улаанбурхан өвчин тусах тохиолдол гарч, илүү хүндээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй байна.