Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.04.25 17:06
283
О.Номинчимэг: Хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд тамхины татварыг тэглэх биш нэмэх ёстой

Масс.мн сайтын “Өглөөний зочин” буланд энэ удаа УИХ-ын гишүүн О.Номинчимэг оролцлоо. Тэрээр Евроазийн хэлэлцээрийн хүрээнд тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэхээр оруулж ирснийг эрс буруушааж, энэ төрлийн бүтээгдэхүүний татварыг хасахын оронд нэмэгдүүлж, хүүхэд, залуусын эрүүл мэндийг хамгаалах ёстой гэдэг байр суурийг хүчтэй илэрхийлж байгаа юм.

Тамхины хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ ажлын явц ямархуу байгаа талаар мэдээлэл өгөөч?

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тамхины тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөөд, хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй. Үнэлэлт дүгнэлт хийгээд, тайлангаа гаргасан. Хуулийн төслөө боловсруулж эцэслээд байна.

Үзэл баримтлалын хувьд хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтыг бууруулах чиглэлийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай болжээ гэдэг дээр санал нэгдсэн.

Энэ хуулийг дагалдаж, тамхины татварыг оруулж ирэх ёстой. Татварыг Сангийн яам нэгдсэн бодлогоор зангиддаг. Энэ ажлын хэсэгт Саянгийн яамны төлөөлөл орсон байгаа. Олон улсын мэргэжилтнүүдтэй хамтраад тамхины татвар нь тамхидалтыг бууруулахад ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг тооцооллыг хийсэн. Сангийн сайд эцэслэж, ажлын хэсэгт ирүүлэх ёстой. Түүний дараа олон нийтээр хэлэлцүүлж, санал авч эхэлнэ.

ДЭМБ-аас энэ төрлийн татварыг 75 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг юм билээ. Манай улсын тухайд 30 орчим хувьтай байгаа нь үнэ бага байхад нөлөөлж, улмаар хүүхэд залуус олноороо тамхидалтад өртөхөд нөлөөлж байж болох юм...

Яг тийм нөхцөл байдалтай байгаа. Монгол Улс Тамхины хяналтын хуулийн суурь конвенцид нэгдсэн. Ц.Мөнх-Оргил сайдын үед бүх олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг дүгнэхдээ “Монгол Улс тамхины онцгой татварыг нэмэх тал дээр үнэхээр хойрго ханджээ.” гэж дүгнээд, 2024 онд хэрэгжилтийг хангах тогтоол УИХ-аас гаргасан. Гэвч тамхины онцгой татварыг ер нэмээгүй, нэрлэсэн дүнгээр татвараа  тавьж явдаг болохоор үнийн инфляци өндөр явдаг ч татвар нь дагаж өсдөггүй.

Тамхины татварыг 75-аас дээш байлгаж байж тамхидалтыг бууруулах боломжтой гэсэн судалгаа байдаг, манайд хэрэгждэггүй. Тамхи өөрөө үнэ дээрээ их мэдрэг бүтээгдэхүүн. Үнэ нь өсвөл дагаад худалдан авалт нь багасдаг. Ялангуяа хүүхэд, залуус үнийн өсөлтөд гурав дахин их мэдрэг ханддаг. Харин насанд хүрсэн хүмүүст тамхины үнийн өсөлт төдийлөн нөлөөлдөггүйг судалгаа харуулдаг. Тэгэхээр тамхины татварыг нэмэгдүүлэх юм бол ирээдүйд залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах чухал бодлого болж чадна гэж харж байна.

Цахилгаан тамхи хэрэглэгчид ихэссэнтэй холбоотойгоор янжуур тамхи импортлогчид улс төрчдөд нөлөөлж, лоббидож байна гэх хардалт өмнөх парламентын үеээс эхлэн явагдсан. Ийм зүйл ажигландаж байна уу? Энэ тал дээр юу хэлэх вэ?

Намайг УИХТГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байх үед Тамхины хууль орж ирэхээр гацдаг байсан. Нийслэл дээр ажиллаж байхад электрон тамхины хэрэглээ гаарсан. Энэ бүтээгдэхүүн электрон бараа гэсэн ангиллаар гаалиар орж ирдэг, гэхдээ энэ бол никотинтой тамхин бүтээгдэхүүн. Хөдөө орон нутагт Засаг дарга нар аргаа барсан шийдвэр гаргахаар АТГ-т өгдөг. Нийслэл дээр байхдаа би захирамж гаргаж байсан. Хамгийн үр дүнтэй бодлого бол хууль тогтоомжоо шинэчлэх, татварын бодлогоо тодорхойлох явдал юм.

Энэ хуулийн хүрээнд электрон тамхийг тамхин бүтээгэхүүнтэй адилтган үзэж, тамхитай адилхан татвар ногдуулахаар зохицуулсан байгаа.

Евроазийн хэлэлцээрээр далимдуулан тамхины татварыг тэглэх асуудал орж ирэхэд та эсрэг байр суурийг хүчтэй илэрхийллээ. Нөгөө талаас гаалийн абан татварыг тэглэсэн ч онцгой албан татвараа нэмээд нөхчихнө гэдэг зүйл яриад байна. Ингэснээр үр дүн ямар байх боломжтой вэ?

Гаалийн татварыг тэглэсэн ч онцгой татвар нэмснээр нөхчихнө гэсэн асуудал яригдаж байна. Евроазийн хэлэлцээр УИХ-д өргөн баригдахаас өмнө гаальд ажилладаг хүмүүс энэ тухай надад анхааруулсан. Энэ асуудлыг хэлэлцээр хийж байгаа яаманд тавихаар бид хэлэлцээрээ хийгээд дууссан гэдэг хариулт өгсөн. Энд үнэхээр тамхи импортлогчдын лобби байна уу даа гэх хардлага төрсөн. Нийтийн эрүүл мэнд бол хамгийн чухал асуудал. Үүнийг анхаарахгүй байгаа  болохоор хардахаас өөр арга алга.

Бид эдийн засгийн тоон дээр их анхаардаг. ДНБ төд боллоо, эдийн засаг өсөж байна гэх мэт. Мөн дэд бүтэц дээрээ анхаардаг. Хүний хөгжил гэж бас ярьдаг боловч яг хүний хөгжилдөө чиглэсэн бодлого уялдаа холбоотой явахгүй байгаа. Тийм ч учраас хаягдаж ирсэн. Бид боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих хүчтэй бодлого явуулж байж, эрүүл монгол ирээдүйн иргэдийг бүтээж чадна.

Энэ асуудлыг ТБХ-оор хэлэлцэх үеэс нь тавьсан. Хангалттай хариулт аваагүй. Та бүхэн ч гэсэн харж байгаа байх. Зарим сайд нар нь мэдээгүй ч гэж байх шиг. Гаалийн 30 хувийн татварыг тэглэчих юм бол эрүүл мэндийн онцгой бүтээгдэхүүн буюу хорыг үнэгүй оруулж ирээд, хямдхан тараая гэдэг төрийн бодлого байж болохгүй гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл ажил хариуцаж байгаа хүмүүс “онцгой албан татварыг нэмчихнэ” гэсэн хариулт өгсөн.

Гаалийн татварыг бууруулаад, онцгой татварыг нэмэх юм бол татварын бодлого хоорондоо уялдаатай байж чадахгүй. Гаалийн албан татвар бол улс улсаас орж ирж байгаа бүтээгдэхүүн дээр байдаг. Харин онцгой албан татвар бол аль улсаас орж ирэх нь хамаагүй, бүтээгдэхүүн дээр байдаг. Тэгэхээр бид евроазийн таван улсаас орж ирэх тамхин дээр онцгой татвараа нэмсэн ч гаалийн татварыг тэглэчихээр бусад улсынхаас хямдхан орж ирнэ. Энэ утгаараа контрбанд буюу хар зах зээл рүү шилжинэ. Албан бус зах руу ороод ирэхээр хүүхэд, залуучуудын тамхидалт эргээд нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

Татварын бодлого нийгмийн хэрэглээнд хэрхэн нөлөөлдгийг төрийн түшээ хүмүүс мэдэж байх ёстой. Мэдэж ч байгаа байх. Гэхдээ энэ асуудлыг хөндөхөөр ичсэндээ юу эсвэл айсандаа юу ам хаах байдлаар хариулт өгч байгад иргэн хүний хувьд ч, гишүүний хувьд ч үнэхээр эгдүүцэж байна. Сайд нарт ч үгээ хэлсэн.

Тамхи, тамхин бүтээгдэхүүний тухайд онцгой албан татвар ч бас бага юм билээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

Манай улс тамхи, тамхин бүтээгдэхүүнд 30 хувь, дүнсэн тамхинд 20 хувь, электрон тамхийг тамхи гэж үзэхгүй байгаа учраас бусад бараа бүтээгдэхүүнтэй адилхан тавхан хувийн онцгой албан татвар ногдулж байгаа. 100 ширхэг янжуурын онцгой албан татвар 4000 гаруй төгрөг байгаа.

ДЭМБ-аас “Танай тамхины үнэ хэтэрхий бага байна. 75 хувиас дээш татвар тавьж байж, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна. Шинэ Зеланд, австрали гэх мэт өндөр хөгжилтэй улсууд тамхиын өөрийн үнээс хэд дахин өндөр татвар тавьдаг.” гэсэн асуудлыг удаа дараалан тавьж байсан. Тамхин бүтээгдэхүүн аль болох хямд байвал хэрэглээ нь нэмэгдэнэ.

Тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөнөөс хойш таны хэлсэн үг, байр суурийг гуйвуулсан мэдээлэл цахим орчинд нэлээд гарлаа л даа. Танд дайралт хэр мэдрэгдэж байна?

Тамхины тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад явж байхад дайралтууд нэлээд ажиглагдсан. Гэхдээ энэ бол сошиалоор нэг нэг рүүгээ дайрах асуудал биш. Бид ирээдүй хойч үеэ бодсон, алсын хараатай бодлого барих ёстой.

Өмнө нь намайг элекстрон тамхины асуудлыг хөндөж байхад муулж байсан хуудсууд энэ удаад дэмжиж байгаа харагдсан. Тэгэхээр нэг талдаа тамхи импортлогчид, нөгөө талд нь цахилгаан тамхи импортлогчдын хоорондын өрсөлдөөн байна гэж би харж байгаа.

Тамхины гаалийн татварыг тэглэхээр төсвийн орлогоос 68 тэрбум дутах гээд байгаа. Үүнийг яаж зохицуулж болох вэ?

Манай Засгийн газар цаад талтайгаа энэ асуудлыг дахиж ярих ёстой. Хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах асуудлыг айлын тал ойлгоно гэж найдаж байна. Хэрэв хасахгүйгээр дахиад оруулж ирэх юм бол би дахиад эсэргүүцэх болно. Энэ байр суурийг маань цөөнгүй гишүүн дэмжиж байгаа. УИХ-аар батлуулна шүү дээ.

Үүнтэй зэрэгцүүлээд би Тамхины хуулийнхаа төслийг олон нийтэд танилцуулаад явна. Гаалийн татварын мэдээллийг үзэхээр 2020 оноос хойш хилээр орж ирж байгаа тамхины тоо хэмжээ байнга өсөж байгаа. Үүнийг анхаарах ёстой.

Цаг хугацааны хувьд зөв үү гэдэг асуудал маш хөндүүр байгаа. Дэлхий дахинд худалдааны дайн болж байна. Манай дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар хэр байгаа юм, тэдэнд давуу тал болж чадах уу гэх мэтийг харгалзан үзэах ёстой. Хэдийгээр гурван жилийн хэлэлцээр гэж байгаа ч улаан буудайн гаалийн татварыг тэглэсэн нэг жилийн хугацаанд дотоодын гурилын үйлдвэрүүдэд ямар нөлөө үзүүлснийг та бүхэн харж байгаа шүү дээ.

Урилга хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

Шууд дамжуулалтыг үзэх холбоос: