Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ерөнхийлөгч
2 мин дараа
153
"Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсад 54 оюутан суралцаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсад 54 оюутан суралцаж байна. 

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийн их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Күинсландын их сургууль, Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, Монашийн их сургуулийн оюутнууд оролцож, сонгосон мэргэжил, хичээл, тэтгэлгээр суралцаж буй өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, тэтгэлгийн талаарх санал бодлоо илэрхийлж чөлөөтэй ярилцлаа.

Элчин сайд Д.Даваасүрэн сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан Улаанбаатар хот, аймаг сум, дүүргээс шалгарсан шилдэг суралцагч оюутан залууст баяр хүргээд, энэ алтан боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, эрдэм номдоо шамдан, Австрали Улсын соёл, ёс заншил, хууль дүрмийг чанд мөрдөж суралцахын сацуу сургуулиа амжилттай төгсөн эх орондоо эргэн очоод улс орныхоо төлөө хүчин зүтгэж, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Австрали Улсын Сиднейн их сургуульд 28, Австралийн Үндэсний их сургуульд 1, Күинсландын их сургуульд 5, Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд 11, Монашийн их сургуульд 7, Баруун Австралийн их сургуульд 2 оюутан олон улсын харилцаа, бизнесийн удирдлага програм хангамжийн инженер, мэдээллийн технологи, өгөгдлийн ухаан, барилгын инженер, компьютерын шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр амжилттай суралцаж байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байгаа юм.