Москва орчмын Балашиха хотод автомашин дэлбэлж Оросын армийн генерал Москаликийн аминд хүрсэн хэрэгт Игнат Кузин гэгчийг сэжиглэн баривчилжээ. Түүнийг аллага үйлдсэн, дэлбэрэх бодисыг бэлтгэж, хууль бусаар ашигласан хэрэгт буруутган шүүхийн шийдвэрээр 60 хоног хорих шийдвэр гарчээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны албаны төлөөлөгч Светлана Петренко мэдэгдсэнээр, Кузин нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн аж. Тэрээр Украины тусгай албанд дайчлагдаж, 18 мянган долларын төлөө ийм аллага үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.
ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий штабын оператив удирдлагын орлогч дарга, дэслэгч генерал Ярослав Москалик дөрөвдүгээр сарын 25-нд Москва орчмын Балашиха хотод гэрээсээ гарч явахад зогсоол дээр байсан автомашин дэлбэрч амь насаа алдсан юм. Холбооны аюулгүй албаныхан маргааш нь энэ хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдийг баривчилжээ. Оросын болон Оросын эзлэсэн газар нутаг дээр Украины нууц албаныхан Оросын цэргийн дарга, түшмэлүүдийн эсрэг байнга аллага үйлддэг. 2024 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын зэвсэгт хүчний хими, биологийн зэвсэглэлийн удирдагч, дэслэгч генерал Игорь Кирилловыг Москва дахь гэрийнх нь гадаа дэлбэлж нөгөө ертөнцөд илгээжээ. Орцны гадаа тавьсан скутерт тэсрэх бөмбөг байрлуулж алсын удирдлагаар дэлбэлж генералыг хөнөөсөн юм.