Афганистанаас хил даван орж ирэхийг оролдсон 54 жихад дайчныг угтаж устгалаа хэмээн Пакистаны армийн төлөөлөгч мэдэгдлээ. “Жихад дайчдын томоохон бүлэг хилийн дагуу хөдөлж, хойд хэсгийн Жайбер Пахтун мужаар хил нэвтрэхийг оролдож байгааг Пакистаны армийн аюулгүй хүчнийхэн илрүүлсэн. Тэд гадаад дахь дарга нарынхаа турхиралтаар террорист үйл ажиллагаа явуулахын тулд наашаа хил даван орж ирдэг. Тэднийг отож байгаад амжилттай устгалаа” хэмээн армийн мэдэгдэлд онцолжээ. Пакистаны арми мөн олон тооны зэр зэвсэг, сум, тэсрэх бодис олзолсон байна. Хоёр хоногийн өмнө тус мужийн хилээр жихад босогчид нэвтэрч Пакистаны армийн цэргүүдтэй тулгарсан юм. Ширүүн байлдааны эцэст 15 босогчийг устгаж, хоёр пакистан цэрэг амиа алджээ.
2021 онд Афганистанд талибууд эрх мэдэлд гарснаас хойш жихад босогчид хөрш Пакистан руу нэвтэрч аллага үйлдэх нь ихэссэн. Нөгөө талаар, Пакистан улс хил орчмын алан хядагчдыг өөгшүүлж, дэмжиж байна хэмээн Энэтхэг улс буруутгасаар байдаг. Дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн Жамму Кашмир мужид зэвсэгт этгээдүүд нэвтэрч иргэд рүү гал нээн 26 хүний аминд хүрсэн билээ. Үүний улмаас Энэтхэг, Пакистаны харилцаа муудаж, цэрэг армиа бэлэн байдалд оруулаад байна.