Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.04.28 14:13
637
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй болохыг хүслээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ өдөр /2025.04.28/ Галлериа төвийн 3 дугаар давхрын “Жуулчин Гранд Баллрүүм” хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн ээлжит хурлаар:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  2. Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт;
  3. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэр;
  4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  5. ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан;
  6. ТУЗ-ийн гишүүнийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэв.  

Тус компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан бөгөөд үүний 73.51 хувийг төр, 26.43 хувийг иргэд, 0.06 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. 2024 онд 30 сая тн олборлож, 3.25 сая ам.долларын борлуулалт хийж, 3.46 их наяд төгрөгийн татвар төлж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд экспортын орлогын 36 хувийг, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн он цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийн иргэн болон аж ахуйн нэгжүүдэд ногдол ашиг байдлаар тараагаад байгаа.

Хуралд оролцсон хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл тус компанийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал:

 Эдийн засгийн ухааны доктор, профессор Н.Дашзэвэг: Жижиг хувьцаа эзэмшигчид хараат бус захиралд төлөөллөө сонгодог болмоор байна

 

Хэдэн хятад орж ирээд, хоорондоо ярилцаад үнээ тогтоох боломжтой байгаа одоогийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Борлуулалтын стратегийг сайжруулах хэрэгтэй. ТУЗ эсвэл Гүйцэтгэх удирдлагын дэргэд жижиг хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулъя. Цаашид жижиг хувьцаа эзэмшигчдийг саналын эрхтэй болгоё. Хараат бус захирлуудыг бид өөрсдөө сонгомоор байна. Дарга нарын ах дүү, төрөл садан, найз нөхөд сонгогддог байж болохгүй. Хараат бус захирлуудын багт Г.Хажидмаагийн нэрийг дэвшүүлэх санал гаргаж байна.

 Г.Хажидмаа: ТУЗ хуралдахаас өмнө ногдол ашиг тарааж, хууль зөрчлөө

2022 онд ногдол ашиг тараахдаа хувьцаа эзэмшигчдийн хурал гэж гурил зуураад тавьж байсан. Яг л тэр хэвээрээ байна. Та нарыг овоо өнгөлөөд, өөд нь татаад байгаа юм болов уу гэхээр Засгийн газар нь огцрохгүйн тулд ногдол ашиг тараадаг, тэр жишгээрээ л ажиллаж байна.

Бид ногдол ашгаа нэхэж,  гурван жил талбай дээр тэмцсэн. Хуулиараа ТУЗ хуралдаж, аудитын дүгнэлт гарсны дараа ногдол ашиг тараадаг юм аа гэдэг үгийг та нар өөрсдөө надад хэлж байсан. Яагаад Компаний тухай хуулийг уландаа гишгээд байгаа юм бэ? Энэ хурлыг хүчингүйд тооцмоор байна.

Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд “Сайн хувьцаа” нэрээр 300 мянган төгрөгөөр хувьцаагаа алдсан. Энэ хүмүүсийн хувьцааг буцааж олгохын төлөө яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Яагаад нас барсан иргэдийн хувьцааны асуудлыг хөндөхгүй байгаа юм бэ? Та нар гурван сая иргэний төлөө ажиллах ёстой.

Эдийн засагч Х.Батсуурь: Биржийн арилжаанд хэдхэн компани оролцож, хоорондоо үнээ тохиролцох нөхцөлийг бүрдүүлсэн

1072 хувьцаа эзэмшигчид олон жилийн турш саналын эрхгүй явж ирлээ. Иргэдийн эзэмшиж буй хувьцааг хоёрдогч зах зээлд гаргатал саналын эрхгүй гэсэн. Энэ бол хууль бус, ийм байж болохгүй. Хоёрдугаарт, Биржийн арилжаанд долоогоос наймхан компани оролцож байна. Энэ нь хоорондоо хэлэлцэн үнээ тохироод явах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Өмнө нь хэрэгжиж байсан оффтэйк гэрээнээс дээрдсэн зүйлгүй. Нүүрсний экспорт монголын мэдлээс гарч, хятадуудын эрхшээлд орчихов уу гэсэн болгоомжлол төрж байна. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж, нүүрсний борлуулалтад хяналт тавих санал гаргаж байна.

ТУЗ-ийн гишүүн Б.Бат-эрдэнэ: ТУЗ шинэчлэгдсэнээс хойш компаниас хэрэгжүүлж байгаа нэг ч төсөл, хөтөлбөр ТУЗ-ийн хаалгаар дамжаагүй, бүх гэрээг нээлттэй болгосон.

Г.Хажидмаа тэргүүтэй ТББ-ынхан бидэнтэй нягт хамтран ажилладаг байсан. Үүний үр дүнд компани ногдол ашгаа жил бүр тараадаг болсон. Өнөөдөр эсрэгээрээ ногдол ашиг тараалаа хэмээн уурлаж байгаад нь гайхаж байна. Төр тодорхой хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд бодлого шийдвэр гаргах эрх нь бий. Тиймээс хуулийнхаа дагуу санхүүгийн тайлан балансыг зөрчихгүйгээр ногдол ашгаа тараасан.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл холбогдох хороодод зөвлөх, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх байдлаар ажиллахыг дэмжиж байна. Засаглал талаасаа хараат бус захирлуудын хараа хяналт сайжирсан. 2023 онд ТУЗ-ийн бүрэлдэхүүн солигдсоноос хойш компаниас хэрэгжүүлж байгаа нэг ч төсөл, хөтөлбөр ТУЗ-ийн хаалгаар дамжаагүй. Бүх хаалттай гэрээг нээлттэй болгосон. Зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Гэх мэтээр “Эрдэнэ Таван толгой” компанийн үйл ажиллагаа сайжирч, үр дүнд нь бид ногдол ашгаа хүртээд явж байгаа.

Хувьцаагаа бирж дээр арилжаалдаг нээлттэй компани болохын тулд энэ компани юуны өмнө өргүй байх ёстой. Засаглал нь сайн байх ёстой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой. 2020-2024 оны санхүүгийн тайлан дээр бид олон улсын аудит оруулсан. Энэ оны эхний хагас жилийн тайланд мөн олон улсын аудит оруулах гээд тендер зарласан байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болъё. Хэрэв монголын аудитын компаниуд болон одоогийн удирдлагууд, төр засагт итгэхгүй байгаа бол Олон улсын аудитын байгууллагад итгээч ээ гэж хүсье.

Хэдийгээр энэ компани их наядын ашигтай ажиллаад байгаа юм шиг боловч дийлэнх хувьцаа эзэмшигч нь төр. Иргэдэд ногдох ногдол ашгийг бэлэн мөнгөөр нь өгдөг. Харин төрд ногдох ногдол ашгийг мөнгөөр нь өгөх юм бол компаний тогтвортой байдал,  санхүүд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 2023 оноос өмнө компаний үйл ажиллагаанд хамааралгүй хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн байдаг. Төмөр замтай холбоотой гурван төсөл, газрын тос дамжуулах хоолой гэх мэт. Компаний өөрийнх нь үйл ажиллагаа, тээвэр ложистикыг сайжруулах төслүүд ч бий гэлээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр жижиг хувьцаа эзэмшигчид биржээр борлуулж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүнүүдээ олон улсын жишиг үнээр борлуул. Яагаад ганцхан хятад улсын үнийн эрхшээлд ороод хамгийн хямд үнээр борлуулаад байгаа юм бэ гэдэг асуудлыг ч хөндөв.