Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлжээ. Харин өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжих юм.
Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байна. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэж байна.
Мөн зарим байршилд буюу 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажил хийгдэж байгаа. Чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлагатай байгаа тул иргэдийг хүлээцтэй байхыг уриаллаа.