Өчигдөр Испани орон бараг тэр чигээрээ гэрэл цахилгаангүй болов. Мөн Португалын зарим хэсэг, Францын баруун өмнөд хэсэг, Андоррад гэрэл тасарчээ. Мадрид, Лисбоаг хэдэн цагийн турш харанхуй нөмөрч, хэдэн сая хүний хэвийн амьдрал алдагджээ.
Галт тэрэг зогсож, гэрэл дохио ажиллагаагүй болж, интернэт тасарсан байна. Улс орон даяар харанхуй нөмөрсний улмаас метро, төмөр замын тээвэр зогсож, интернэт, харилцаа холбоо тасалджээ. Айж сандарсан иргэд хоол хүнс ихээр худалдан авч дэлгүүрийн лангуу хоосорч байгаа мэдээ ирж байна. Олон хүн лифтэнд олон цагаар гацав.
Нислэгүүд саатаж, хойшилсон ч ослын системийн тэжээл ажилласны ачаар нислэг үргэлжилж байна. Гэрэл, цахилгааныг эргэн хэвийн болгоход дор хаяж 10 цаг шаардлагатай хэмээн Испанийн цахилгаан сүлжээний Red Eléctrica компани мэдэгдлээ. Зарим бүс нутагт гэрэл цахилгаан нийлүүлж эхэлсэн хэмээн AFP агентлаг мэдээлж байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Засгийн газрын онц хуралдаан зарлаж, иргэдийг айж сандралгүй гэртээ байхыг уриалжээ. Гэрэл цахилгаан тасарсны дараа иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэж зам дээр түгжрэл, эмх замбараагүй байдал үүссэн юм.