АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөж ажилдаа ороод 100 хоног өнгөрөхөд нэр хүнд нь ихээхэн унаж, сүүлийн 80 жил байгаагүй дүн гарчээ. Америкуудын 55 хувь нь Цагаан ордны тэргүүний ажилд муу дүн тавьсан, дөнгөж 39 хувь нь түүнийг дэмжиж байгаа нь сүүлийн 80 жилд байгаагүй муу үзүүлэлт юм. Ipsos фирм ABC News телевиз, The Washington Post сонинтой хамтран 2464 хүнээс судалгаа авахад ийм дүн гарчээ.
Трамп төрийн тэргүүний эрх мэдлийг өргөтгөх гэж оролдохдоо холбооны ажиллах хүчийг цомхотгох нэрийн дор төрийн албан хаагчдыг хоморголон халж, холбооны агентлагуудыг хааж, улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг арга хэмжээ авч “хэтэрхий хол далийгаад явчихсан” хэмээн ихэнх америк иргэд үзэж байна. The Washington Post сонин Америкийн Ерөнхийлөгч нарыг ямар нэр хүндтэй байснаар нь жагсаахад одоогийн Ерөнхийлөгч Трамп хамгийн доор бичигджээ. АНУ-ын ямар ч Ерөнхийлөгч эхний болон хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ийм доогуур нэр хүндтэй байгаагүй аж.