Сэлэнгэ аймгийн гурван суманд ой хээрийн түймэр гарсан байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтын 04.29-ний өдрийн 10:40 цагт мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан байна.
Сэлэнгэ аймаг Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Байгаль орчны Улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, "Хан Хэнтий" УТХГ-аас ажилтнууд унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04-р сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авчээ.
Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 04-р сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймрийн урт 8.85 км, өргөн 6.85 км урттай байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дүрс нарс” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 168 км, Сайхан сумаас зүүн зүгт 35 км, Номгон багаас чанх урд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 11:54 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр анги, Сайхан сумын мэргэжлийн анги, Номгон багийн иргэд, Дархан-Уул аймгийн УБТЗ-ын Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын алба хаагчид ажиллан 16:30 цагт ой, хээрийн түймрийг бүрэн унтрааж, багийн даргад хүлээлгэн өгсөн.
Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатсан.