Засгийн газрын хуралдаан болж, тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэх заалт байдаг. Үүсмэл орд бол стратегийн ордыг түшиглэсэн баялаг гэж ойлгож болно.
Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр, ашиглуулдаг байсан. Тийм ч учраас өнөөдрийн засгийн газрын тогтоолоор үүсмэл ордыг олгохдоо үгсэж авдаг, ар өврийн хаалгаар авдаг, ашиглах гэрээ байгуулдаг асуудлыг таслан зогсоож байна.
Өөрөөр хэлбэл цаашид уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн компани, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийнэ. Гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашигладаг болно.
Мөн стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг засгийн газрын тогтоолоор албажуулж байгаа.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Үүнийг өнөөдрийн засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барина.
Шууд дамжуулалт: