Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.30/ зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ, Дэлхийн банк 2023 онд Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын тойм үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээнд, Монгол Улсын хууль, эрх зүйн орчин сайжирч байгаа ч ажлын байранд эмэгтэйчүүдийг дэмжих тогтолцоог сайжруулж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад дээд боловсрол илүү эзэмшсэн байгаа ч хөдөлмөрийн зах зээлд давуу байж чадахгүй байна.
Монгол Улсын ажиллах хүчний оролцоон дахь эмэгтэйчүүдийн хувь нь эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур болох таамаглалтай байна гэж дүгнэсэн байна. 2022 онд эмэгтэйчүүдийн орлого эрэгтэйчүүдээс 25 хувь бага гарсан бөгөөд цалин хөлсгүй, гэр орны ажилд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг зарцуулжээ.
Цаашид жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, техникийн болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дэмжих тогтолцоог бүрдүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг хангах асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна гэлээ.