АНУ цаашдаа Орос, Украины хоорондох хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй, мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээ хоёр талын хооронд шууд явагдах ёстой хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Тэмми Брюс мэдэгдлээ. Вашингтон хоёр талын уулзалтыг зохион байгуулахад оролцохгүй, уулзалтыг явуулахын тулд төлөөлөгчдөө илгээхгүй гэв. Москва, Киев хоёр энх тайванд хүрэхэд шаардлагатай тодорхой саналыг өөрсдөө дэвшүүлэх ёстой хэмээн Төрийн департамент үзэж байна. “Одоо бид уулзалт зохион байгуулах гэж ертөнцийн нөгөө тал руу байн байн нисээд байхгүй. Гэхдээ АНУ хямралыг зохицуулах хүчин чармайлтыг дэмжсээр байх болно. Цаашдын ахиц дэвшил одоо мөргөлдөөнд оролцогч талуудаас өөрсдөөс нь хамаарна” хэмээн Брюс онцолжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс өчигдөр Fox News-т ярилцлага өгөхдөө, Вашингтон ойрын 100 хоногт Орос, Украины шууд яриа хэлэлцээг эхлүүлж дөнгөх төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв. Дипломат хүчин чармайлтыг эхлүүлэх цэг нь Киев, Москва хоёроос гарч байгаа энхийн санал, санаачилга байх болно хэмээн тэрээр хэллээ. “Бид ийм зүйл хүсч байна гээд украинууд хэлчихсэн. Оросууд бас хүсч буй зүйлээ хэлчихсэн. Одоо дипломат арга зам л үлдсэн, талууд байр сууриа ойртуулах хэрэгтэй. Учир нь Орос, Украины хүсэж буй зүйлийн хооронд асар их зай байна” хэмээн Вэнс онцоллоо. Европын холбоотнууд Америкийн засаг захиргааг ил тод шүүмжилж байгаа ч яриа хэлэлцээний явцад ахиц дэвшилд хүргэсэн АНУ-ын гавьяаг хүлээн зөвшөөрч байгаа аж. Америкууд хөндлөнгөөс орж ирэхээс өмнө сөргөлдөгч талуудын яриа хэлэлцээнд ахиц дэвшил бараг байхгүй байсан. “Бид эхний алхмаа хийлээ. Энх тайван тогтоох саналаа дэвшүүлсэн.
Одоо дараагийн 100 хоногт талуудыг хэлэлцээний ширээнд суулгахын тулд бид бүх хүчин чармайлтаа гаргах болно” хэмээн Вэнс хэллээ. Кремль шууд яриа хэлэлцээнд бэлэн байгаа хэмээн Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Ямар нэг урьдчилсан нөхцөл, болзолгүйгээр яриа хэлэлцээг сэргээхэд Оросын тал бэлэн байгаа аж. Ялалтын баяраар гал зогсоох Путиний санал нь болзолгүй шууд яриа хэлэлцээний эхлэл болж байгаа хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлжээ. Киев ч мөн иймэрхүү санал дэвшүүлж, шууд 30 хоног гал зогсооё гэж мэдэгдсэн. Одоо талууд байр сууриа ойртуулахын тулд шууд яриа хэлэлцээнд орохоос өөр арга зам үлдээгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.