Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.05.02 11:38
1179
О.БАТНАЙРАМДАЛ: Зардал болон зардлын дараах ашгийг хянаж чадахгүй байгаа “Оюутолгой”-н алдааг давтахгүйн тулд олон хувилбараар тооцоолох шаардлагатай  

Оюутолгойн бүлэг ордод хоёр лиценз эзэмшдэг “Онтре” ХХК-ийн талаар анх шүгэл үлээсэн, мөн уг асуудлаар Засгийн газарт хандан, Асуулт тавьсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг “Өглөөний зочин” буландаа урин, ярилцлаа. Тэрээр мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас бид “Оюутолгой”-г мэддэг хэрнээ дэргэд нь үйл ажиллагаа явуулж ирсэн “Онтре” ХХК-ийн талаар саяханаас мэддэг болсон. Иймд эхний ээлжид “Оюутолгой” ХХК-ийг Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв.

.

Юуны өмнө уншигчдад эргэн сануулах үүднээс "Онтре" ХХК-ийн эзэмшиж байгаа ордын нөөц, ач холбогдлын талаарх мэдээллээр ярилцлагаа эхлүүлье…

Бид монголын стратегийн ордуудын хамгийн том, өрөм нь болсон Оюутолгойг бүгдээрээ мэддэг хэрнээ тус бүлэг орд дахь таван лицензийн хоёрыг нь эзэмшдэг “Онтре” ХХК-ийн талаар  саяханыг хүртэл бараг мэддэггүй байсан. Энэ нь Ванкуверын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Канад компани. Үлдсэн гурван лицензийг нь “Оюутолгой” ХХК эзэмшдэг. Энэ компанитай Монгол Улсын Засгийн газар 2009 онд гэрээ байгуулсан. 2004 онд “Онтре” болон “Туркойз хилл” компани хоорондоо ашиг хуваах гэрээ байгуулсан бөгөөд одоогоос таван сарын өмнө Арбитрын шүүхээр орж, “Онтре” ялалт байгуулсан. 76 хуудас хамтын ажиллагааны гэрээг албажуулсан гэсэн үг. Хэр гүнд олборлолт хийхээсээ хамаараад, “Онтре” 20-30 хувь, “Туркойз хилл” компани 70-80 хувийн ашгийг авах нөхцөлтэй. Тэгэхээр Монгол Улсын эрх ашиг хаана байна гэдэг асуулт тавигдаж байгаа юм л даа.

Гэхдээ “Айванхоу майнз” ХХК үнэхээр хайгуул хийсэн үү, эсвэл өөрийнх нь эзэмшдэг талбайд хангалттай нөөц байсан болохоор залгаа талбайд нөөц байх нь ойлгомжтой гэдэг байдлаар хандсан уу гэдэг нь бас эргэлзээ төрүүлж байна л даа...

“Онтре” анхнаасаа үйл ажиллагаа явуулдаг инженер техникийн ажилтнууд, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй компани байгаагүй. Зөвхөн лиценз л эзэмшдэг, цаасан дээрх компани. 400 сая орчим канад доллараар үнэлэгддэг компани. “Онтре-“-гийн эзэмшдэг хоёр талбай дээр “Оюутолгой” хайгуул хийх гэрээтэй. Гэрээний хүрээнд хайгуулын ажлыг “Оюутолгой” ХХК гүйцэтгэж ирсэн бөгөөд нийт 35 сая ам.доллар зарцуулсан гэдэг. Хоёр компаний хооронд байгуулсан гэрээгээр “Оюутолгой” ХХК 35 сая ам.доллараас багагүй, “Онтре” ХХК долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаж байж, ашгийг 80:20 эсвэл 70:30 хувиар хуваах эрх үүснэ гэж заасан юм билээ.

Монгол төр стратегийн ордууд дээр хувь эзэмших хэлцэл хийгдэж буй энэ цаг үед “Онтре” ХХК-ийн асуудал сөхөгдлөө. Тэгэхээр манай улс энэ компанитай ямархуу нөхцөлөөр гэрээ байгуулвал Оютолгойн түүхийг давтахгүй байх боломжтой гэж та харж байна вэ?

“Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулснаас хойш 15 жил өнгөрөөд байна. Яах аргагүй хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт мөн. Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх том бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Үүний зэрэгцээ маш олон асуудал дагуулж ирсэн. “Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр үүссэн 2.3 тэрбум ам.долларын хүүгийн өр төлбөрийг тэглэсэн. Тэгж байж 2039 онд ногдол ашиг авахаар болсон. Дахиад 14-15 жилийн дараа, бараг 30 жилийн гэрээ дуусаж байж,  ногдол ашиг авч эхлэх дүр зурагтай байгаа. Энэ төсөл 18.7 их наяд төгрөгийн зээл авсан. Зээл төлөгдөж байж, ногдол ашиг яригдана.

Монгол Улс “Айвонхоу майнз” ХХК-ийн эзэмшдэг талбайгаас 34 хувийн ашиг авах гэрээ байгуулсан шигээ “Онтре” ХХК-ийн эзэмшиж байгаа хоёр талбайн 34 хувийг эзэмших ёстой.  Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдад адилхан нөхцөл, шаардлага тавих нь зүйтэй.

2016 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтре” ХХК-ийн талбай хамаарах уу гэдэг асуудал урган гарч ирсэн. Би хувьдаа хамаарахгүй гэж үзэж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Онтре” ХХК-ийн эзэмшиж байгаа талбайг бүхэлд нь хамааруулж, шинээр гэрээ байгуулах ёстой гэсэн байр  суурьтай байгаа.

“Онтре” ХХК Оюутолгойн хоёр талд буюу Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Шивээтолгой нь 54.6 мянган га талбайтай. Үүнээс 12 мянга га талбай нь Усан сан бүхий талбай болон Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан учраас буцаасан. Харин Жавхлант талбайд төмөр замын зурвас, усан сан бүхий талбай, улсын тусгай хэрэгцээнд авсан газар газар гээд 9600 га нь “Онтре”-ийн лицензтэй давхцсан байх ч улс буцааж аваагүй байна. Баялгийг нь эзэмшчихээд дээр нь газар нутагт нь эзэн сууж байгаа энэ үйлдэл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Уг нь анхнаасаа тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн талбайд ямар нэгэн давхцал байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой. “Онтре” ХХК-ийн эзэмшиж байгаа хоёр талбай “Оюутолгой” ХХК-ийн эзэмшиж байгаа гурван талбайгаас том, нийт 62 мянга гаруй га талбайг хамардаг. Нөөцийн тухайд ч гэсэн, дутахааргүй. Оюутолгойн бүлэг ордын нийт талбай доорх хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 29 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байгаа юм.

Ийм их нөөцтэй талбайг өөр компани эзэмшиж байхад бид саяханыг хүртэл мэдэхгүй явсан нь харамсалтай...

Тийм ээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 заалтаар стратегийн ордын нийт өгөөжийн дийлэнх хувийг монголын ард түмэн хүртэх ёстой. Хувийн хэвшил хөрөнгөө гаргаж хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон бол 34 хувь, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хүртэл хувийг эзэмшихээр хуульчилсан байдаг.

Эргээд харахад, бид “Оюутолгой” ХХК-ийн зардлыг хянаж чадахгүй юм байна. Зардал хянаж чадахгүй болохоор зардлын дараах ашгийг бас хянаж чадахгүй байгаа. Тэгэхээр хувь эзэмшээд, дахиад ногдол ашиг авна гэж хүлээх үү эсвэл ямар зардал гаргаснаас хамаарахгүй бүх орлогоос нь тооцдог АМНАТ-ыг илүү нэмэгдүүлэх үү, аль нь монголд илүү ашигтай вэ гэдгийг маш сайн тооцоолж байж, хэлцлээ хийх шаардлагатай байна.

39 ордыг стратегийн ангилалд оруулахаар жагсаасан байдаг. Эдгээр орд дээр ч мөн Оюутолгойн түүхийг давтахгүйн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Нэг талаас хөрөнгө оруулж, оператор хийж байгаа “Рио Тинто”, нөгөө талаас Монгол Улсыг төлөөлж буй “Эрдэнэс Оюутолгой” ХК, дахиад шийдвэр гаргаж байгаа Засгийн газар болон иргэд гээд оролцогч талуудын мэдээллийн зөрүү өдөр, шөнө шиг ялгаатай байна. Ямартаа л бид Оюутолгойг аль эрт мэддэг болсон хэрнээ “Онтре”-г саяханаас л мэддэг болж байна. Тэгэхээр энэ мэдээллийн зөрүүтэй, ил тод бус, хаалттай байдал нь засаглалын хямралд хүргэж байгаа юм. Энэ нөхцөл байдал нэг өдөр шийдэгдчихгүй л дээ.

Тэгэхээр юуны өмнө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болгох шаардлагатай байгаа. Тэгж байж мэдээлэл нь нээлттэй болно. Хөрөнгө оруулагчдадаа тайлангаа тавьдаг болно. Бид төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаа Хөрөнгийн бирж дээр гаргая гэж маш олон жил ярьж ирсэн ч өнөөдрийн байдлаар Банкны тухай хуулиар Төрийн банк л Хөрөнгийн биржид бүртгүүлсэн байна. Өөр алга.

Тэгэхээр “Оюутолгой” ХХК манлайлж, хувьцааныхаа тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр гаргаач ээ л гэж байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн хэдхэн хүн авсан бүх мэдээллээ нэгтгээд Засгийн газарт өгдөг, тэр мэдээллийг нь авсан хүмүүс хагас дутуу ойлгодог. Энэ байдлаа одоо болих хэрэгтэй. Хөндлөнгийн шинжээчид дүгнэлт хийх боломжийг олгох хэрэгтэй.

Хэдийгээр сүүлийн хэдэн жил манай Хөрөнгийн бирж  дээр хэд хэдэн томоохон компани бүртгүүлж, тэнд эргэлдэж байгаа нийт хөрөнгө 10 их наяд давсан ч энэ нь хангалтгүй санагддаг л даа...

Манай Хөрөнгийн бирж сүүлийн таван жилийн дотор огцом тэлсэн. Банкны тухай хуулиар томоохон банкууд бүгд бүртгүүллээ. Дээрээс нь томоохон бондууд арилжаалагдаж байна. Санхүүгийн зах зээлд гаргах бүтээгдэхүүн байж гэмээнэ энэ салбар хөгжинө. Сонирхолтой бүтээгдэхүүн байж гэмээнэ хөрөнгө оруулагчид орж ирдэг. Тэгэхээр үүний хамгийн том гогцоо нь “Оюутолгой” ХХК гэж бодож байна. “Оюутолгой” ХХК өөрөө АНУ, Канадын бирж дээр “Туркойз хилл” нэрээр олон жил нээлттэй компани байж ирсэн. Тэгэхээр АНУ болон Канад улсын иргэд “Оюутолгой” төслөөс илүү үр өгөөж хүртэж ирсэн. Тэнд нээлттэй байх үед вэб сайт руу нь ороод мэдээлэл авч болдог байлаа. Гэтэл 2022 оны 12 дугаар сард “Рио Тинто” ХХК “Туркойз хилл” компаний бүх хувьцааг худалдаж авснаар хаалттай болчихсон. Үүнээс хойш мэдээллийн тэнцвэргүй байдал бүр гаарсан. Тэгэхээр энэ бүхний шийдэл нь Хөрөнгийн биржид бүртгүүлэх. Биржээр дамжуулж хувьцаатай болсон иргэд өөрсдөө хяналт тавьж, дуу хоолойгоо хүргэж байх болно шүү дээ.

Урилга хүлээн авч, ярилцсанд баярлалаа.