"Цемент экспо 2025" үндэсний цемент үйлдвэрлэгчдийн холбооноос үзэсгэлэн, салбарын сорилт болоод боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одоос дараах тодруулгыг авлаа.
-МҮХАҮТ-ын ууган салбарын нэг нь цементийн салбар. Дотоодын үйлдвэрлэгчид 1.9 сая тонн цемент үйлдвэрлэдэг бол үлдсэн 300 сая тонныг импортоор оруулж ирж байна. Цемент үйлдвэрлэгчид хамтдаа асуудлаа хэлэлцэж, төр хувийн хэвшлийн түншлэлээр үйл ажиллагааг өргөжүүлэх, шийдлүүдээ мөн гаргаж ирж байна. МҮХАҮТ-аас гурван том асуудлаар барилгын салбар, тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр зорьж байна. Нэгдүгээрт, 14 мега төсөлд цемент үйлдвэрлэл хамгийн их үүрэг оролцоотой байна. Тиймээс үүн дээр танхим дэмжиж ажилна. Мөн иргэдийн орлогод нийцсэн 150 мянган айлын орон сууц, цэцэрлэг сургууль, үндэсний төв байгуулах үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулах гэж байна. Орон нутагт зургаан бүсэд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих гэж байна. Үүнд цементийн салбар хамгийн их үүрэг рольтой оролцоно. Гуравдугаарт, бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлын нэг нь хөрөнгө оруулалт байдаг. Энэ хүрээнд бид Хөгжлийн банктай хамтарч ажиллах санамж бичиг үзэглэсэн. Хөгжлийн банкны чиг үүргийг ЖДҮ, бүтээн байгуулалт руу илүү чиглүүлж төслийн бүрэн циклээр санхүүжүүлдэг байх тогтолцоог бий болгоё гэж байгаа.