
Афганистанд нэг залуу эмэгтэй талибан дайчинтай хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцэж амиа хорлосны дараа Афганы дотор болон гадна эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Бадгис мужид болсон энэ хэрэг явдал талибан дэглэмийн дор афган эмэгтэйчүүдийн эрх хэрхэн аймшигтай зөрчигдөж эмгэнэлт байдалд хүрснийг харуулж байна. Орон нутгийн хэвлэл мэдээлж буйгаар, Фавзиа хэмээх 20 настай бүсгүй өөрийг нь талибан эртэй хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцэж гэртээ өөрийгөө шатааж амиа егүүтгэжээ. Гэр бүл нь энэ гэрлэлтийн эсрэг байсан ч талибуудын дарамт шахалт тэсвэрлэшгүй байсан гэж байна. Фавзиа албадан гэрлэлтийг хэд хэдэн удаа эсэргүүцэж эрх баригчид болон хүний эрхийн байгууллагуудаас тусламж хүссэн ч нэг ч нааштай хариу аваагүй аж. 2021 онд талибууд эрх мэдэлд гарснаас хойш эрх нь байнга ноцтой зөрчигдсөөр ирсэн афган эмэгтэйчүүдийн нөхцөл байдал бүр дордож байгааг энэ хэрэг явдал нотлов. Хүний эрхийн байгууллагуудын эх сурвалжаас үзвэл, хүчилсэн гэрлэлт, тэр тусмаа залуу эмэгтэйчүүдийг хүчээр эхнэр болгон өгөх явдал талибууд эрх мэдэлд эргэн ирснээс хойш эрс нэмэгджээ. Талибаны дэглэм эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хязгаарлаж, ажиллах, хувийн эрх чөлөө эдлэх эрхийг нь ч хаан боогдуулж байна. Охид, насанд хүрсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн амьдралаас тусгаарласан хэд хэдэн хууль үйлчилж, гэр оронд нь хүртэл орон зайг нь хязгаарлах болсон аж. Залуу афган охин “зулын гол” болсон нь Афганд ч, олон улсад ч дуулиан болж байна. Олон нийтийн сүлжээнд, Кабулын гудамжинд олон мянган хүн залуу бүсгүйн гэр бүлийг дэмжиж буйгаа илэрхийлж, дээрх хэрэг явдлыг зэмлэн буруутгаж байна. Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч уг хэрэг явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн ч талибан хөдөлгөөнийг буруутгасан нэг ч үг унагасангүй. Харин ч охидыг хүчээр гэрлүүлэх явдал нь хүндлэн үзэх ёстой соёл, шашны уламжлал ухааны юм ярьжээ. Афган охид, эмэгтэйчүүд талибан дэглэмд үнэнчээ илэрхийлж хүчээр гэрлүүлдэг явдлыг эсэргүүцэхгүй байх ёстой гэж үздэг ч энэ гэрлэлтийг эсэргүүцэх хүмүүс, бүлэг, нийгэм нэмэгдсээр байна. Фавзиагийн хэрэг нь афган эмэгтэйчүүд талибуудын хараан дор хэцүү нөхцөлд орсны зөвхөн нэг жишээ. Эмнести Интернэйшнл байгууллага мэдэгдэж буйгаар, талибууд эрх мэдэлд гарснаас хойш нэг сая гаруй афган эмэгтэй хөдөлмөрийн зах зээлээс хөөгдөж ажиллах эрхгүй болжээ.