m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.05.02 15:49
940
ТҮЦ эрхлэгчдийн холбоо: ТҮЦ-ийг Х.Нямбаатар биш зах зээл зайлуулдаг юм

ТҮЦ-ээ ачуулсан 300 гаруй иргэн ХЭҮК-ын гадаа эсэргүүцлээ илэрхийлэн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө ТҮЦ-үүдийг ачиж эхэлсэн юм. Иймээс ТҮЦ эрхлэгчдийн холбоо энэ сарын 25-нд ХЭҮК-т хандан шаардлага хүргүүлж, хариугаа дөрөвдүгээр сарын 29-нд авахаа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүй байна.

ТҮЦ-ээр амь зуугчдын зүгээс " Бид гэмт хэрэг хийгээгүй, бид хөдөлмөр эрхэлж байна. Бидэнд ямар стандарт шаардлага хүргүүлэх вэ, тэр дагуу бид стандартын дагуу үйл ажиллагаагаа эрхлэе. Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зөвшилцөөч " гэх хүсэлтийг тавьж байна. 

Нийтийн тээврийн зогсоолд ТҮЦ ашиглагсдын холбооны тэргүүн: Би 2013 оноос хойш ТҮЦ ажиллуулж байгаа. Ямар ч захирамж, тушаал шийдвэргүйгээр ачиж байна. 2016 онд 98 ТҮЦ төлөөлж, захиргааны хэргийн шүүхэд шүүхдэлцэж, эцэслэж шийдвэрлэгдээгүй байна. Эцэслэж шийдээгүй учраас ТҮЦ-үүдийг хөдөлгөж болохгүй гэдэг. Гэтэл шүүгчийн урдуур орж, дүүрэг нийслэлийнхэн ТҮЦ-үүдийг ачаад  явдаг нөхцөл байдал үүслээ. Төрийн албаныханд нэг бол хууль үйлчилдэггүй юм уу.  Бид анх Энхтайвны өргөн чөлөөг чөлөөлөөд, ТҮЦ эрхлэгчидтэйгээ хамтран хэлэлцэх юм байна гэж ойлгосон. Гэтэл бүгдийг нь ачиж байна. Үүнээс болж амин зуулгаасаа салсан, их хэмжээний өрөнд орсон хүмүүс эхнээсээ өөрийгөө шатаана гэж байна.

Х.Нямбаатар дарга бидэнтэй уулзах байх, эргээд гаргасан шийдвэрээ буцаах байх гэж найдаж байна. Бидэнтэй зөвшилцөөч ээ.

Та нарын ТҮЦ-энд ариун цэврийн өрөө байдаггүй, Угаадсаа хаана асгадаг вэ гэх шаардлага бидэнд тавьдаг. Гэтэл ТҮЦ-ний оронд тавьсан дулаан зогсоол ТҮЦ-ээс ялгаагүй нөхцөл байдалтай байна. ТҮЦ-ийг Х.Нямбаатар биш зах зээл зайлуулдаг. Нэг юм алга болгоод оронд нь том ашиг сонирхол явж байдаг. ТҮЦ ажиллуулах нь гэмт хэрэг биш биз дээ. Ураны хэмжээний аюул учруулсан юм уу?