m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.02 16:17
332
Газын зурвас дахь нөхцөл байдал улам хүндэрчээ

Газын зурвас дахь нөхцөл байдал нь жигшиж зэвүүцмээр зүйл болж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хавсарсан ерөнхий захирал Майк Райн мэдэгдлээ. “Сөргөлдөгч хоёр талын улс төрийн зорилгыг хангахад хэдий хэмжээний цус урсгах хэрэгтэй юм бол гэж асуумаар байна. Газын зурвас дахь хүүхдүүдийн бие, сэтгэлийг бид ураад дууслаа. Бид хүүхдүүдийг өлсгөлөнгөөр алж байна. Одоо л хөдлөхгүй бол бидний өмнө болж байгаа зүйлд бид өөрсдөө хамсаатан нь болно” хэмээн тэрээр уур хилэнгээ илэрхийлэв. 
Израилийн арми Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулахыг хориглож хааснаас хойш хоёр сар өнгөрч байна. 2023 оны аравдугаар сарын 7-нд барьцаалагдаад одоо хүртэл суллагдаагүй байгаа хүмүүсийг суллуулахын тулд Палестины Хамас бүлэгт дарамт шахалт үзүүлэх гэж дээрх арга хэмжээг авсан хэмээн Израилийн эрх баригчид тайлбарладаг.
Тэрхүү өдөр барьцаалсан 251 хүнээс 58 нь Газын зурваст барьцаанд хэвээр байгаа. Тэдгээрийн 34 нь аль хэдийнэ амиа алдсан хэмээн Израилийн тал үзэж байна. 
Газын зурвасыг бүслэн хааж эхлэхэд л хүмүүнлэгийн хямрал болно гэдгийг НҮБ анхааруулж байв. Ямар ч тусламж, дэмжлэг авч чадахаа байсан Газын зурвасын 2.4 сая иргэний эрүүл мэнд муудаж, өлсгөлөнд нэрвэгдэх аюул нөмөрчээ. Үүний зэрэгцээ, Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага хэд хоногийн өмнө Газын зурвас дахь хоол хүнсний нөөцөө шавхаад дууссан гэдгээ мэдэгджээ.