Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудаас гадна үүсмэл ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшихээр лиценз эзэмшигч компаниудтай хэлцэж хийж буй. Үүсмэл орд гэдэг нь үйлдвэрийн хаягдлаас бий болсон балансын бус хүдрийн овоолгыг хэлж буй хэрэг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-т хамаарах нийт 12 үүсмэл орд байдаг. Одоогоор гурвыг ньбайсан хувьцаа хэрхэн замхарсан түүхийг өгүүлсү.
1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Эрдэнэт концерн”-ийг байгуулсан. Тухайн үед “Эрдэнэт” концерн нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн бүтцэд багтаж, уул уурхай, эрчим хүч, барилга, худалдаа зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг цогц байгууллага байжээ.
1994 оны 03 дугаар сарын 10-нд “Эрдмин” ХХК-ийг байгуулсан бөгөөд “Эрдэнэт концерн” 51 хувийг, АНУ-ын “Ар Си Эм Инк” ХХК 49 хувийг эзэмшиж байв. 1995 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот протоколыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдмин” ХХК-ийн хувь эзэмшлийг хэлэлцсэний дагуу мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 235 дугаар тогтоолоор “Эрдэнэт концерн” болон түүний бүрэлдэхүүнд ордог аж ахуйн нэгжүүдийг “Нөхөрлөл, компанийн тухай” хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарч, анхны 255 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан дээрх протокол нь тухайн үед Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагаа, өмчлөлийн бүтэц, зохион байгуулалтын талаар тохиролцсон гол баримт бичигт гэгддэг. Гэвч одоо хүртэл төрийн хууль, тогтоол, баримт бичгүүд бүрэн эхээрээ нийтлэгддэг legalinfo.mn сайтад байршуулаагүй, мөн “Эрдэнэт” үйлдвэрийн архивт ч байдаггүй нь хачирхалтай.
1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин” ХХК, “Эрдэнэт концерн”-ий төлөөллүүд тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашиглалтын 005 дугаартай талбайн балансын бус хүдрийн овоолгуудыг шүлтгүйжүүлэх технологиор боловсруулах үйл ажиллагааг “Эрдмин” ХХК эрхлэн явуулах гэрээг 40 жилийн хугацаатай байгуулсан байна.
2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эрдмин” ХХК-ий үүсгэн байгуулагчдын тохиролцооны протоколд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрдмин” ХХК-д үзүүлсэн үйлчилгээний хөлс болох 2,388,968.0 ам.долларыг “Эрдмин” ХХК-д хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ээс оруулсан хувь хөрөнгөд тооцсон байна. Энэхүү үйлчилгээний хөлс нь “Эрдмин” ХХК-ийн дүрмийн сангийн 25 хувьтай тэнцэх бөгөөд тус компаний 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр”, 26 хувийг “Эрдэнэт концерн” эзэмших эрхийг албан ёсоор зөвшөрөх тухай шийдвэр гаргасан байдаг.
Одоогийн байдлаар “Эрдмин” ХХК-ийн хувьцааны 58.5 хувийг нь АНУ-ын “Ар Си Эм Инк” ХХК, 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, 10 хувийг "МИКО Холдинг", 6.5 хувийг иргэн Ж.Дамдинжав нар эзэмшдэг гэсэн мэдээлэл байна.
Тэгвэл “Мико холдинг” ХХК-ийн эзэн нь хэн бэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Тус компаний 36 хувийг “Эрдэнэт групп” ХХК эзэмшдэг бөгөөд энэ компаний хувьцааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяа 100 хувь эзэмшдэг аж. Түүнчлэн иргэн Д.Нямаа 32 хувь, Т.Дулмаа 21 хувь, С.Эрхэмбаяр 11 хувийг нь тус тус эзэмшдэг байна.
Энэ талаар Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Батзандан саяхан “Эрдмин” ХХК-ийн Засгийн газрын эзэмшиж байсан 26 хувь нь "Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгийн эхнэр, хүүхдүүдийнх болсон байна. Энэ асуудлыг 1996 оноос хойш Төрийн өмчийн хороо шалгаад хулгайд алдагдсан гэж тогтоосон ч өнөөдрийг хүртэл залруулаагүй байна хэмээн мэдэгдсэн.
“Эрдмин” ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэр нь 2005 оноос ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2005-2023 оны хооронд хувьцаа эзэмшигчдэдээ 233 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Үүнээс 67.5 тэрбум төгрөг нь тус компаний 25 хувийг эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр”-т хуваарилагджээ. Хэрэв “Эрдэнэт үйлдвэр”-т “Эрдмин” ХХК-ийн хувьцааны 51 хувь нь байсан бол 140 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэх байжээ.
Бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь “Эрдмин” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Жамсрангийн Баатар гэх хүнийг Улсын бүртгэлд бүртгэсэн байна. Энэ хүн хаанаас гарч ирсэн, ямар хамааралтай болох нь тодорхойгүй, нууцлаг хэвээр байгаа юм.
Ийнхүү “Эрдмин” ХХК-ийг анх байгуулах үед 51 хувийг нь эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг тал тал тийш тарааж, улсын өмчийг өөрийн мэт дураараа захиран зарцуулсан тэр эрхэм өнөөдөр бидний дунд үгүй болсон, хариуцлагыг хэн хүлээх нь бүрхэг байна. Мөн Д.Туяа, Ж.Дамдинжав нар болон АНУ-ын “Ар Си Эм Инк” ХХК “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшиж байсан 26 хувийг авсныхаа төлбөрт хэдэн төгрөгийг хаана, хэнд тушаасан нь ч тодорхойгүй байгаа юм.
Харин өнөөдөр стратегийн орд болон түүний үүсмэл ордуудад төрийн эзэмших хувийг тохирох хэлцэл хийгдэж буй энэ цаг үед буруу замаар будаа тээлгэсэн хувиа буцаан олж авч, түүнд ногдох байсан ашгийг ч нөхөн төлүүлэх ёстой!