Украины хямралыг зохицуулах яриа хэлэлцээн дээр АНУ-ын эрх баригчид сөргөлдөгч талын нэгтэй нь ихээхэн ахиц дэвшилд хүрч чадсан хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News сувагт ярилцлага өгөхдөө тодотгон ярьжээ.
- Ноён Ерөнхийлөгч, таны засаг захиргаа Орос, Украины хямралыг зохицуулах асуудлаар хөөцөлдөж бас ч гэж удлаа. Энхийн гэрээ байгуулахад ойртож байна уу?
- Бид сөргөлдөгч талын нэгтэй нь байр сууриа ихэд ойртуулсан гэж бодож байгаа. Харин нөгөө талтай нь тэгж их ойртож чадсангүй. Яг аль талтай нь илүү ойртсон гэдгийг би хэлэхийг хүсэхгүй байна. Орос, Украин хоёр энхийн гэрээ байгуулах тохиромжтой цаг нь ирсэн. Хэрвээ энх тайван тогтоох хэлэлцээ урагшлахгүй бол бид энэ хэлэлцээнээс гарах болно. “За яахав, та нар ингээд үргэлжлүүл, тэнэгээрээ үлдэцгээ” гэж хэлэх цаг ирж магадгүй шүү.
- Ингэж хэлээд хаяад явчихаж болно гэж үү?
- Заримдаа ингэж хэлчихмээр санагдаад байдаг ч дараа нь нааштай зүйл болдог. Ингэж хэлэх цаг ирнэ. Асар их үзэн ядалт байна. Зеленский Путин хоёр, гурван жил байлдаж байгаа хоёр талын цэргүүд, генералууд нэг нэгнээ асар ихээр үзэн ядаж байна. Гэхдээ өнөөдөр энхийн гэрээ байгуулах маш сайхан боломж гарч ирж байгааг санах хэрэгтэй.
- Энэ бүрэн эрхийн хугацаа миний хувьд сүүлчийнх байх болно. Гэхдээ олон америк иргэн намайг 2028 онд дахин өрсөлдөөсэй, нэр дэвшээсэй гэж хүсч байгаа. Гэхдээ хуулиар зөвшөөрөхгүй л дээ. “Трамп-2028” гэсэн малгай одоо ч зарагдсаар байна. 2028 онд гавьяаны амралтаа авч таарах биз. Тэр болтол би гайхамшигтай дөрвөн жилийг өнгөрөөж, агуу бүгд найрамдахчийн үзэл баримтлалыг дараагийн Ерөнхийлөгчид шилжүүлж өгөхийг хүсч байна.
- Тэр хүн нь хэн байх бол?
- Тэр хүн бол одоогийн дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс байж болно. Тэр гайхалтай сайн ажиллаж байгаа. Намайг залгамжлагчдын жагсаалтыг тэр тэргүүлж чадна, гэхдээ би энэ асуудалд хутгалдмааргүй байна. Марко Рубио байна. Тэр бол агуу бүгд найрамдчуудын нэг мөн. Манай намд олон мундаг хүн байгаа.
- Та Канад, Гренландыг АНУ-д нэгтгэх талаар их ярьж байгаа. АНУ-д тийм шаардлага байгаа гэж үү?
- Тийм ээ, би энэ талаар ярьсан. Аль аль талдаа ашигтай гэж л. Канадыг нэгтгэж болно, гэхдээ цэргийн хүч хэрэглэх дээрээ тулахгүй байх.
- Тэгвэл Гренланд дээр цэргийн хүч хэрэглэнэ гэсэн үг үү?
- Тийм ээ, цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ би цэргийн хүч хэрэглэнэ гэж хэлээгүй, гэхдээ юуг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд бол биш. Гренланд бидэнд маш хэрэгтэй байгаа. Тэнд маш цөөхөн хүнтэй, бид тэднийг халамжилж, үнэлэх болно. Олон улсын аюулгүй байдлыг сахиулахад Гренланд бидэнд хэрэгтэй.
- Та үнэ тарифийн дайн эхлүүлсэн. Энэ чигээрээ л яваад байх уу?
- Би энэ бодлогоос ухрахгүй, үнэ тарифийг цуцлахгүй. Тариф цуцлагдана гэж хэн нэг нь бодсон бол яахлаараа АНУ-д үйлдвэр бариад явах билээ? Худалдааны тал дээр Хятадад ихэд хатуу ширүүн хандаж байгаа. Тэглээ гээд АНУ одоо хэдэн тэрбум доллараа алдахгүй явж байна. Тэд гэрээ байгуулахыг ихэд хүсч байгаа. Яаж дуусах нь уу, харж л байя. Гэрээ шударга л байх ёстой.