Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Жудагийн Баярмааг “Баярцогтын” Баярмаа гэж зарлаад буй. Тэгвэл Ерөнхий сайд УИХ-ын Чуулганы индэр дээрээс ийн ил цагаан С.Баярцогтыг дурдсан нь Ухаа худаг ордтой, углуургаараа Баялгийн сантай холбогдож байж болох.
Товчхондоо, Байгалийн баялгаа иргэн бүр тэгш хүртэх Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн хугацаанд хэдэн үеэрээ идээд барахгүй баяжсан хэдхэн гэр бүлийн эрх ашиг хөндөгдөж, ил далдаар олон ч явуулга хийж, Монгол төрийг ганхуулах хэмжээнд гай дагуулж буй.
Уг асуудлын цөмтэй улс төрийн хүрээнд өнөөг хүртэл нөлөө бүхий өөрсдийн төлөөллөөрөө хүссэн хөгжмөө захиалж, хөшигний цаанаас удирдаж яваа С.Баярцогт, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд нягт холбогддог.
Болж өнгөрсөн зүйлсийг ахиад нэг ажаад үзье!
2025 оны дөрөвдүгээр сарын 28, Төрийн ордон.
УИХ дахь АН-ын бүлэг шуурхайлан хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхыг шаардлаа.
Эс тэгвээс нэгдсэн Чуулганы хуралдаанаар хэлэлцэх бүх асуудалд оролцохгүй гэх сүржин даржин мэдээлэл хийсэн нь ил цагаанаар Л.Оюун-Эрдэнийг хавчиж буй эсэргүүцэл байж болох ч, ард түмнийг төлөөлөх ажлаасаа арагш ухарч байна гэсэн үг. Алсдаа стратегийн ач холбогдол бүхий ордуудыг төрд авах хэлцэлд асар том саад учруулж, улс орны эрх ашгаар туг тахиж буй аюул.
Уучлалт гуйх хугацааг тавдугаар сарын 1 хэмээн тодорхой цаг зааж өгсөн нь ч ийм учигтай байж болох юм. Учир нь стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшиж, иргэн бүр хуримтлалын дансаараа дамжуулан ашиг хүртэх хэлцлийг орд газруудыг эзэмшиж буй эзэдтэй энэ тавдугаар сарын 1-нээс өмнө хийхээр заасантай холбогдож байна.
Гэтэл цаг хугацааны хувьд хүртэл ийн давхцаж буй нь Л.Оюун-Эрдэнийг улс нийтийн эрх ашгийг ардаа тавиад арагшаа нэг ухар гэсэн шууд сануулга гэхэд хилсдэхгүй.
2025 оны тавдугаар сарын 1.
УИХ-ын Чуулганы хуралдаан. 10:00 цаг
Ийнхүү заасан цаг болоход уучлалт гуйгаагүй гэх үндсэн шалтгаанаар АН-ын бүлэг УИХ-ыйн Чуулганаас завсарлага авч, хэлэлцэж буй асуудлууд хоосон танхимд цуурайтаж байлаа. Хамгийн харамсалтай нь, эл өдөр Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24-р илтгэлийг хэлэлцэж, сэтгэл сэртхийлгэм асуудлууд хөндөгдсөн ч, хууль тогтоох үндсэн үүргээ умартсан гишүүд хуралдаанд оролцоогүй нь маш том гажуудал, гашуудал болсон өдөр байв.
Тэгвэл үүсээд буй асуудлын төв цэгт байгаа Жудагийн Баярмаа гэж хэн бэ, С.Баярцогт болон MCS-тэй хэрхэн холбогддог вэ гэдгийг задалъя!
Ж.Баярмаагийн хувьд, 2024 онд тойргоос бус тооноор гарч ирэх завшааныг алдалгүй атгаж авснаар 126 гишүүнтэй өнөөгийн парламентад орж ирсэн нэгэн. Гэхдээ тэр улс төрчийн намтрын хувьд нимгэн биш бөгөөд 30 гаруй жил хөшигний арын улс төрд идэвхийлэн ажилласан арвин туршлагатай нэгэн.
Харин С.Баярцогттой хорь шахам жил нэг намын далбаан дор хамтран ажилласанаас гадуур ямар жимээр холбогддог нь тун сонирхолтой. Зах зухаас нь тодруулбал, тэд нэг нутгийнх гэдгээс эхлээд нэг сургуульд хүртэл сурч явсан хоёр.
Харин С.Баярцогтын тухайд MCS-ийн Оджаргалтай хэзээнээсээ хувийн хожооны төлөө, хажуу хавиргаараа хэлхээтэй нөхөрлөж явсныг улс төрийн хүрээнд байтугай л мэддэг. Ямар сайндаа оффшорын загалмайлсан эцэг гэх хэрэг нь ид илэрч явах үед нь хүртэл Ж.Оджаргалын нэр хавчуулаатай л байсан юм.
Мөн түүнчлэн Ж.Оджаргалыг JCI олон улсын байгууллагын захирлаар ажиллаж байх үед өнөөх л Жудагийн Баярмаа нарийн бичгийн даргаар нь ажилласан байсан түүхтэй. Энэ бүгдээс харахад тэдний хэлхэлдсэн холбоо хамаарал нүдэнд тод биш ч хөөгөөд үзвэл үзүүүрээс нь атгаад авахаар...
2024 оны тавдугаар сарын 20.
УИХ-ын сонгуулиас нэг сарын өмнөх үйл явдлыг энд мөн цухас дурдъя.
АН-ын ҮБХ-ны хуралдааны үеэр жагсаалтын 6-рт бичигдсэн гишүүн асан З.Нарантуяагийн нэр цааснаас арчигдаж, тайзнаас ачигдан буусан үйл явдал дүрс бичлэгт тод томруунаар буун үлдсэн. Бужигнаан дундуур жагсаалтын 6-рт Ж.Баярмаа, 9-рт С.Баярцогтын нэр дурайтал бичигдэж, хоёр өөр хувилбар бүхий тогтоол СЕХ-руу хүргэгдсэн байдаг.
Тодруулбал, 32 дугаартай албан бичгийн жагсаалтын 9-рт Х.Тэмүүжингийн нэр байх бөгөөд ҮБХ-ны тэргүүлэгчдээс Ж.Баярмаа гарын үсгээ зураагүй байдаг.
Харин 9 дугаартай албан бичиг дэх жагсаалтын 9-рт С.Баярцогтын нэр бичигдэж, Жудагийн Баярмаа гарын үсгээ зурсан нь цагаан дээр хараар бичээстэй бий. Тэрээр уг бичгийг СЕХ-руу өөрийн биеэр хүргэж өгсөн гэдэг.
Энэ бүх процесс, нэр дэвшилтийн зургийг тэргүүн дэд дарга С.Баярцогт өөрөө зурж, зохион байгуулсан гэдгийг Х.Тэмүүжин төрийн ордон дотроос мэдэгдсэнийг нэхэн санавал С.Баярцогт, Ж.Баярмааг жагсаалтад оруулж ирсэн нь энэ аж.
Харин өдгөө Х.Тэмүүжин гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын хүн гэж хэлсэнд уучлалт гуйлгах бүлгийн шийдвэрийг танилцуулж, хоёр үзүүртэй юм яриад сууж байгаа нь ч хачирхалтай.
Ерөнхийдөө энэ бүхнийг багцлаад том зургаар нь харвал уучлалт гуйх гэдэг бол ердөө наад талын өнгөн хэсэг нь бөгөөд цааддаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцэстээ бүлэглэлд бууж өгч, өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал өрнөдгөөрөө өрнөж, Монголчууд алтан дээр суусан гуйлгачин гэгддэг хэвээрээ үлдэх үү? Эс бөгөөс эрс шийдэмгий байр суурин дээрээ бат зогсож, Баялгийн сангаараа дамжуулан иргэн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломжийг авч үлдэх үү гэдэг асар том тэмцэл өрнөж байна!