m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.05 13:21
481
Цуутай Алькатрас шоронг сэргээх үүрэг өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорнид, Сан-Францискогийн эрэг орчимд байдаг, хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг илгээдэг байсан Алькатрас арал дээрх чанга дэглэмтэй шоронг сэргээн нээх үүрэг өгчээ. “Америкийн хамгийн харгис, жигшүүртэй гэмт хэрэгтнүүдийг хорихын тулд Алькатрас шоронг өргөтгөж, сэргээн барих зарлигт гарын үсэг зурлаа. Тус шоронгийн ажиллагааг сэргээх нь хууль ёс, эмх журам, шударга ёсонд нийцнэ” хэмээн Трамп Truth Social хуудсандаа бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн том хүү бага Дональд Трамп Алькатрас шоронг сэргээх хэрэгтэй хэмээн нэгдүгээр сарын сүүлчээр бичиж байсан. Тэрээр мөн Кубын Гуантанамо дахь цэргийн баазыг хууль бус цагаачдын хорих төв болгоё гэсэн эцгийнхээ санааг дэмжиж байсан аж. Алькатрас шорон нь АНУ-ын хамгийн чанга, хатуу шоронд тооцогдож байв. Тэнд хоригдож байсан хэрэгтнүүд харгис, хүнлэг бус нөхцөлд хоригдож, ноцтой эрүүдэн шүүлтийн золиос болж байсан тухай үлгэр домог мэт яриа байдаг. 1934 онд нээгдээд 1963 онд хаагдсан Алькатрас шоронгоос оргох гэсэн тохиолдол 14 удаа гарч байжээ. Хамгийн алдартай нь банк дээрэмдэгч Франк Моррис болон ах дүү Жон Энглинам, Кларенс Энглинам нарын орголт. Тэд хэдэн сарын турш орголтод тун няхуур бэлтгэхдээ хурцалж ирлэсэн сэрээгээр шоронгийн ханыг ухаж нүхлэн, хуягуудыг хуурахын тулд гипсээр хийсэн толгой, нүүрээ орхиод арилсан гэдэг. Мань гурав 50 цув ашиглан сал хийгээд Сан Францискогийн булангийн ус руу ороод алга болжээ. Гурван оргодлыг араас нь эрж хайсан ч хэзээ ч олоогүй. Тэд буланг гаталж байхдаа үйж үхсэн, эсвэл хуурай газарт хүрээд олон хүний дунд шингэж алга болсон гэж үздэг. Алькатрас шоронгийн хамгийн алдартай хоригдлууд гэвэл мафийн зартай толгойлогч Аль Капоне, Роберт Страуд, Майер Коэн нар юм.