Төв аймгийн Батсүмбэр сумын 1500 өрх газрын өргөдөл өгөөд шийдүүлж чадаагүй байхад гадны бөө 200 айлын газартай тэнцэх 20-30 га талбайг зөвшөөрөлгүй, хууль бусаар ухаж хашаалсан талаар тус сумын ИТХ болон Нутгийн зөвлөлийн төлөөлөл мэдээллээ.
Батсүмбэр сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн гишүүн: Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Суварга хайрханы урд талд Зайран Эрдэнэсан гэдэг хүн 100 мянган мод тарих нэрийдлээр 20-30 га талбайг дур мэдэн хагалсан байна. Бид NTV-ээр мэдээ үзээд, газар дээр нь очиж үзэхэд ямар нэг зөвшөөрсөн бичиг баримт байгагүй.
Энэ бол Газрын тухай хуулийг зөрчсөн, ноцтой үйлдэл. Газрыг эзэмших, ашиглах, өмчлүүлэх байдлаар иргэн, аж ахуйн нэгжид олгодог. Хуулийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн сумын хөгжийн дундын болон урт хугацааны төлөвлөлттэй уялдуулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Тэрбум мод” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Үүнийг далимдуулан зүсийг нь хувиргасан газрын далд наймаа хийгдэж байна. Эхнийх нь манай суманд нүүрлэлээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд, бусад аймаг сумдад анхааруулахын тулд Батсүмбэр сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Нутгийн зөвлөлийн төлөөлөл энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Хууль зөрчсөн үйлдэлд намчирхлаа, улс төржлөө гэсэн үгээр хариулт авдаг цаг өнгөрсөн.
Миний бие МУИС-д ойн чиглэлээр докорын зэрэг горилж байгаа хүн нэг модыг үржүүлж бойжуулахад багадаа 3-5 жил шаардагддаг. Үнэхээр мод тарих гээд байгаа юм бол монгол орны цөлжилттэй бүс нутагт очиж модоо тарих хэрэгтэй. Энэ үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй бол нутгийн иргэд болон ахмадын холбоо, Бөхийн холбоо, Шагайчдын холбоо хамран тэмцлээ үргэлжүүлэх болно.
ИТХ-ын төлөөлөгч н.Лхагвасүрэн: суварга хайрханы урд талд ямар ч зөвшөөрөлгүйгээр мод тарина гээд газар хагалж байгаа нь Газрын хуулийг зөрчихөөс гадна иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байгаа юм.
Орон нутгийн нэг иргэн хашаа татахын тулд зохих зөвшөөрлүүдийг авч, бүх бичиг баримтыг бүрдүүлж байж, эхлүүлдэг. Гэтэл энэ хүмүүс дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаагаас харахад, хуулиас давсан эрх мэдэлтэй байна гэж үзэж байна. Энэ үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч, иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх шаардлага тавьж байна. ИТХ-ын төлөөлөгчид ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Хууль бус энэ үйл ажиллагаагаа таслан зогсоо.
2024 онд тухайн орчмын газар нутгийг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан.
Нутгийн иргэн Ш.Батзаяа: Манай сум хүн амынхаа нягтаршлаар Төв аймагтаа аймгийн төвийнхөө дараа ордог. Дээр нь уул ус, намаг ихтэй. 0.07 га газраа авч чадаагүй 1500 иргэний өргөдөл байсаар байхад 20, 30 га-гаар нь нэг бөөд өгчихөж байгаа юм. Энэ газрыг сумынхаа иргэдэд хувааж өгсөн бол 200 өрх газартай болох байлаа. Энэ сарын 3-ны өдөр хамтлаг, дуучдын хамт баахан хүн оччихсон байхад нь бид явж очсон. Газар дээр үйл ажиллагаа явуулахад Засаг даргын захирамж, кадастрын зураг, координатор, гэрээ гэж байх ёстой. Гэтэл тийм юм юу ч байхгүй.
5-6 том цэргийн майхан барьчихсан, тайз дэлгэцтэй, ихээхэн хөрөнгө зарсан харагдсан. 30-нд газрын зөвшөөрөл нь гарч байхад түүнээс өмнө буюу 26, 27-ны үед хашаагаа татаад эхэлчихсэн байгаа юм.
Нутгийн иргэд очиход, нэр бүхий олоны танил хүн, дуучин үл тоомсорлож, бичлэг хийж байсан утсыг булаж авсан, нүүр ам руу ундааны сав шидсэн. Чамд хэдийг өгөх вэ гэж байна. Эрэнэбат Засаг даргатайгаа ярь гэж хөөж байна. Бөө Эрдэнэсан гэх хүн нь согтуу хүмүүсээр бамбай хийж, хүмүүсийн сүсэг бишрэлээр далимдуулан, сумын иргэдийг хооронд нь мөргөлдүүлж байна. Маш замбараагүй үйл явдал тэнд өрнөсөн.