Бид парламентийн түүхэндээ шинэ хуудас нээж, анх удаа 126 гишүүнтэй болж, эмэгтэйчүүдийн төлөөллийн тоог нэмж чадсан. Энэ нь хэдийгээр магтууштай ч нөгөөтэйгүүр өмнөх 76-аасаа ч чадамжгүй, сэтгэлгүй “анги” бүрдсэн бололтой.
Тодруулбал, энэ сарын 1-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож, хэлэлцсэн. Гэвч тус хэлэлцүүлгийн үеэр танхим хоёр гурван гишүүнээс өөр ирцгүй байсан гэхэд хилсдэхгүй. Сандал ширээ, томилгооны үеэр бүгд яаран ирж ирцээ бүрдүүлдэг бол иргэдийн эрх ашигтай холбоотой зүйлийн хэлэлцүүлэг дэх ирцээс харвал хамгийн сүүлд “эрэмбэлж” байна гэлтэй.
Тус хэлэлцүүлэгийн үеэр 2020-2024 онд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон 14-17 настай хүүхэд 66-гаас 119 болж, бага насны хүүхэд 138-аас 247 болж өссөн талаар илтгэлд дурдсан.
Мөн сүүлийн таван жилд осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан 844000 хүний 260000 нь 0-14 насны хүүхэд байгааг, тэдний 320 нь нас барсныг, мөн хүчирхийллийн улмаас энэ насны 4262 хүүхэд эмнэлэгт хандсаныг, 5-9 насны ес, 10-14 насны 65, 15-19 насны 179, нийт 253 хүүхэд амиа хорлосон гэх мэдээллийг танилцуулсан. Энэ нь Монгол Улс хүүхдээ хамгаалж чадахгүй байгааг харуулж байна. Гишүүд ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, эрх нь зөрчигдсөн эдгээр иргэдийнхээ төлөө дуу хоолой болж ажиллаж ёстой ч эрхэм гишүүдийн сүүдэр нь ч ХЭҮК-ийн тайлан илтгэлийн үеэр харагдсангүй.
Сүүлийн үед хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд хүчтэй дуу хоолой өргөж буй гишүүд бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, П.Очирбат, Б.Түвшин, Ч.Лодойсамбуу. Бизнесийн орчныг сайжруулах нэрийдлээр татвар, НДШ, ХХОАТ гэхчилэн төсөв санхүүтэй холбоотой зүйлд “бизнесийн бүлэглэлийг хамгаалж”, татвар бууруулахад хүчтэй дуу хоолой өргөж байна гэж хардахад хүргэж байгаа. Учир нь тэдний санал дэмжигдвэл татвар багасна. Дэмжигдэхгүй бол иргэдээс өндөр оноо авах байдлаар хоёр үзүүртэй хутга шиг гишүүд энэ парламентад олон байна.
Үг дугардаггүй, зүс царайгаа ч харуулдаггүй жагсаалтын гишүүд олон байна. Тэд хууль батлахаар УИХ-д сонгогдоогүй юм бол хаана, юу хийж явна вэ. Хааяа ч болов ганц нэг үг дуугарч, ард иргэддээ харагдана уу.
Гишүүд ашиг сонирхол бүхий хуулиуддаа л үг хэлж, ард иргэдэд таалагдах зүйлс дээр л харагдаж, улс төрчийн имиждээ бүрдүүлж байх хооронд ядарсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн хэвээр л...