m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.05 13:54
195
Сөрөг хүчний хэвлэлд шагнал өглөө хэмээн эсэргүүцэж НҮБ-ыг орхин гарчээ

НҮБ Никарагуагийн сөрөг хүчний өдөр тутмын хэвлэл La Prensa-д хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгосны дараа тус улсын эрх баригчид эсэргүүцэл илэрхийлж НҮБ-аас гарч буйгаа мэдэгдлээ. “Манагуагийн энэ шийдвэрт харамсаж байна. Никарагуагийн ард түмэн соёл, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллаж, үр өгөөжийг нь хүртэх боломжоо алдлаа” хэмээн ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулай мэдэгдлээ. 1952 оноос хойш гишүүнээр явж байгаа Никарагуа улсын гишүүнчлэл ЮНЕСКО-гийн Үндсэн хуулийн дагуу 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нд зогсоно.

ЮНЕСКО өнгөрсөн хагас сайнд Гильермо Каногийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Никарагуагийн сөрөг хүчний хэвлэл La Prensa-д өгсөн юм. Хэдийгээр сэтгүүлчид нь цөлөгдөж, дарлагдаж байгаа ч Никарагуагийн ард түмэнд үнэнийг хүргэж байгаа хэмээн шагнажээ. Харин Манагуагийн Засгийн газар “Никарагуаг үргэлж сөрөг талаас нь бичдэг хэвлэлд энэ шагналыг өгсөн нь ичгүүртэй хэрэг” хэмээн мэдэгдлээ. 1926 үүсэн бий болсон өдөр тутмын La Prensa сонин 2007 оноос хойш эхнэр Росарио Мурильогийн хамт төр барьж байгаа Даниел Ортегагийн дэглэмийг шүүмжлэгч байр суурьтай. Эрх баригчдын дарамтын улмаас тус сонин 2021 оноос цаасан хэлбэрээр гарахаа больж, Коста Рика, АНУ, Мексик, Испани, Германд цөлөгдсөн сэтгүүлчид нь зөвхөн дижитал хэлбэрээр гаргадаг болжээ. Ортегагийн дэглэмээс хойш Никарагуа улс хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтад 172-т бичигдэж байгаад 180 хүртэл ухраад байна.