Украины зэвсэгт хүчин тавдугаар сарын 9-нд Москваг довтолбол оросууд тэр даруй Киевийг маш хүчтэй бөмбөгдөнө хэмээн цэргийн тоймч, чөлөөнд гарсан хурандаа Михаил Ходаренок ярилаа. Оросын тал хариу цохилт өгөхдөө Х-101 болон Х-555 ангиллын алсын тусгалтай далавчит пуужин, тэнгисийн цэргийн флотын Калибр-ПЛ пуужин, Искандер-М загварын дрон, пуужингийн цогцолбор ашиглана хэмээн тэрээр үзэж байна. Үр дүнд нь Украины нийслэл хот балгас болон хувирна гэжээ. Мөн Засгийн газрын барилга, тэр дотроо Украины Ерөнхийлөгчийн өргөө довтолгоонд өртөж магадгүй хэмээн цэргийн тоймч хэллээ. Ялалтын баярт Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин хүрэлцэн ирж байгаа тул украинууд Москвад цохилт өгч зүрхлэхгүй хэмээн “Айдар” батальоны командлагч асан Евгений Дикий үзэж байна. Украинууд тавдугаар сарын 9-нд Москваг довтолвол дараа нь Хятад улс Оростой нийлж Украиныг довтлох магадлалтай гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэд хоногийн өмнө мэдэгдэхдээ, Улаан талбай дээрх Ялалтын баярын парадыг бөмбөгдөж болно хэмээн битүү сануулсан юм. Тавдугаар сарын 9-нд Москвад баярлахаар ирж байгаа гадаадын лидерүүдийн аюулгүй байдал хангагдаагүй шүү хэмээн тэрээр мэдэгдсэн. Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова түүний энэ үгийг сонгодог террорист заналхийлэл хэмээн нэрлэжээ.
Оросын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин Ялалтын баярт оролцогчид, зочдын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд шаардлагатай бүхнийг хийж байна хэмээн Төрийн Думын Батлан хамгаалах асуудал хариуцсан хорооны дарга Юрий Швыткин мэдэгдлээ. “Батлан хамгаалах яам, хууль хяналтын байгууллагууд, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, бусад бүх хүч, арга хэрэгслийг бэлэн байлгана. Тавдугаар сарын 9-ний өмнөх өдөр урьдчилан сэргийлэх оператив арга хэмжээ авна. Агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийслэл хот руу чиглэсэн нэг ч сумыг оруулахгүй” хэмээн тэрээр онцолжээ.